Мастеруудын ДАШТ-ээс Н.Баатар, Д.Бумбаяр нар алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-13 22:14:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн нийслэл Тбилис хотноо чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ 10 дугаар сарын 8-13-нд болж, 2019 оны шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний сүүлийн өдөр манай улсаас 13 тамирчин хүч үзсэнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.


“С” ангиллын 70 кг-д “Тулгат” клубийн тамирчин, СХД-ийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Нямжавын Баатар, “D” ангиллын 130 кг-д МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Дамирангийн Бумбаяр нар алтан медаль хүртэж мастеруудын ДАШТ-д түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчид боллоо.


Н.Баатарын хувьд 2016 онд мастеруудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол Тбилисид дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, аваргаар шалгарсан бол Д.Бумбаяр Мастерст анх удаа зодоглож Герман, АНУ, Казахстан, эзэн орны бөхчүүдийг ялж аварга болов.


Мөн “С” ангиллын 130 кг-д мастеруудын ПАШТ-ий хамгийн олон медальт /3 мөнгө, 7 хүрэл/ ОУХМ Шурагийн Баянмөнх мөнгө, 62 кг-д 2016 оны дэлхийн аварга ОУХМ Гэндэндоржийн Баасансүрэн хүрэл медаль тус тус хүртэв.

Мастеруудын ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдааны эхний өдөр “В” (41-45 нас), “Е” (56-60 нас) ангилалд манай улсаас зургаан бөх зодоглосноос дөрөв нь хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, “Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Б.Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Ж.Хурц, 78 кг-д спортын мастер Б.Баянсан, 88 кг-д ОУХМ Д.Ганбат нар хүрэл медалийн эзэд болов.

Холбоотой мэдээ