Терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-10 11:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Терроризмтой тэмцэх асуудлаар нийт 19 олон улсын гэрээ, баримт бичиг байдгаас Монгол Улс 13-т нь нэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар, манай улсад терроризмтой тэмцэх чиглэлээр Терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам” хүчин төгөлдөр үйлчилж байна. Цаашид Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас тус хуулийн төслийг боловсруулсан юм. Уг хуулийн төсөл зургаан бүлэг, 26 зүйлтэй бөгөөд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах, терроризмоос урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хуулийн төслийн заалтууд чиглэж байна.


Өнөөдрийн байдлаар гадаад террорист дайтагчид буюу эх орноо орхин террорист бүлэглэлд нэгдсэн 50 мянга орчим хүн Афганистаны хойд бүс нутагт байрлаж, улмаар төв Азийн бүс нутгаар дамжин бусад улс руу нэвтрэх, суурьших, халдлага үйлдэх болсон байна. Үүнээс сэргийлэн бүс нутгийн ихэнх улс өөрсдийн терроризмтой тэмцэх тухай хууль тогтоомжийг шинэчилж, эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний чадавхаа бэхжүүлжээ.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн байна. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “Монгол Улсад” гэснийг, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус хасах санал ирүүлжээ. Түүнчлэн 3 дугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг” гэж, 9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалтай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах” гэсэн хэсэг нэмэх санал гаргасан байна. Чуулганаар дээрх санал тус бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Монгол Улс үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэдэггүй хэдий ч энэ хуулийг баталснаар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх боломж бүрдэнэ. Ер нь үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх, бусдыг терроризмд турхирах үйлдэл хийсэн этгээдэд оногдуулах хариуцлага чанга байх ёстой. Энэ хуулийн төсөлд өдөөн турхирсан этгээдийг 5 жил хорихоор тусгасан нь хэт бага байгаа тул дараагийн хэлэлцүүлгийн үед хариуцлагыг чангатгахад анхаарах хэрэгтэй” гэсэн санал хэлсэн юм.


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, "УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой. Маргааш буюу энэ сарын 11-ны чуулганаар хуулийн төслийг батлах болно. Уг хуулийг баталж, тероризмтой тэмцэх ажлаа эрчимжүүлж байгаа тухай албан бичгийг ФАТФ-т хүргүүлнэ" гэв.

Холбоотой мэдээ