Багийн олон төрөлтийн тэмцээнд ОХУ-ын баг анх удаа алтан медаль хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-10 10:28:37

ШТУТГАРТ. /TASS/. ОХУ-ын спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-ий багийн олон төрөлтийн тэмцээнд түүхэндээ анх удаа ялалт байгуулжээ. Тэмцээн Германы Штутгарт хотод болж байгаа юм.


Зургаан дасгалын нийлбэр оноогоор ОХУ-ын шигшээ баг 261.726 оноо авсан бол Хятадын баг нийт 260.729 оноогоор хоёрдугаар байрыг эзэлжээ. Энэ тэмцээнд Японы баг 258.159 оноогоор гуравдугаар байрын эзэн болсон байна.


Өнгөрсөн онд болсон ДАШТ-д Хятадын баг түрүүлж байжээ. Өнгөрсөн мягмар гарагт болсон спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн багийн олон төрөлтийн тэмцээнд ОХУ-ын баг мөнгөн медаль хүртсэн байна. Нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр тус улсын баг тэмцээнд медалийн тоогоор нэгдүгээрт жагсаж байгаа бол АНУ-ын баг хоёрдугаарт бичигдэж байна.  


Спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан олон төрөлтийн шийдвэрлэх тэмцээн өнөөдөр болох юм байна. Харин эрэгтэйчүүдийнх ирэх баасан гарагт болох аж. Спортын гимнастикийн ДАШТ энэ сарын 13-нд дуусах юм.  

Холбоотой мэдээ