В.Гуминский:Беларусь, Монгол хоёр энх тайванч гадаад бодлогодоо үнэнч хэвээр байна

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
sarnai@montsame.mn
2016-04-12 13:49:08

МИНСК. /BelTa/. Беларусь болон Монгол Улс хоёр энхийг эрхэмлэсэн  гадаад бодлогодоо үнэнч хэвээр байна хэмээн Беларусь улсын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Виктор Гуминский Монголын Энх тайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавтай дөрөвдүгээр сарын 8-нд уулзах үеэрээ мэдэгдсэнийг тус улсын “BelTa” мэдээллийн агентлаг уламжиллаа.

“Монгол Улс нь бие биеийнхээ дотоод хэрэгт оролцохгүй байх, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан ойлголцлын зарчмын үндсэн дээр энэхүү бодлогыг явуулдаг. Бид ч мөн адил ийм бодлого хэрэгжүүлдэг” гэж Гуминский мэдэгджээ. 

Тэрбээр цааш нь ярихдаа “манайд ч мөн адил Монголын Энх тайван, найрамдлын байгууллага гэдэгтэй төстэй Беларусийн Энх тайвны сан” гэж бий. Энэ хоёр байгууллага нь хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас бичлээ” гэдгийг дурдлаа. 

Үүний сацуу, 1991 оны арванхоёрдугаар сард Монгол Улс нь Беларусийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн гурав дахь орон болсныг В.Гуминский онцлон тэмдэглэв.

“Гэсэн хэдий ч хоёр орны харилцаа өнөөг хүртэл төдийлөн идэвхтэй байсангүй. Хэдийгээр хоёр орон нутаг дэвсгэрийн хувьд алслагдмал оршдог боловч үзэл бодол нэгтэй” гэдгийг Беларусийн парламентын дэд дарга тэмдэглэн хэлээд “Монгол-Беларусийн эдийн засгийн харилцаанд хэтийн сайхан төлөв бий” гэдгийг онцлон дурдлаа. Тухайлбал, Беларусь улс нь машин үйлдвэрлэлийн салбарт Монголын түншүүддээ их зүйлээр тусалж чадна гэж В.Гуминский хэлээд Монголын хүний нөөцийг сургаж бэлтгэх талаар хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимжүүлэн хурдавчлах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын төлөөлөгчдийн энэхүү айлчлал нь хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа Виктор Гуминский илэрхийлжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ