Руссеффыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-12 12:08:27

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын Ерөнхийлөгчийг хариуцлага алдсаных нь төлөө буруутгаж шүүхэд татах асуудлаар байгуулсан парламентын комисс Дилма Руссеффыг албан тушаалаас нь огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг тус комиссын бүрэлдэхүүнд орсон 65 депутатын 38 нь дэмжсэн байна.

Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу, комиссын шийдвэрийг парламентын доод танхимын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой. Парламентын доод танхим Руссеффыг хариуцлага алдсаных нь төлөө буруутгаж шүүхэд татах асуудлаар дөрөвдүгээр сарын 17-нд санал хурааж магадгүй байна.

Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд парламентын гишүүдийн гуравны хоёрынх нь дэмжлэг шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл депутатуудын 342 нь дэмжсэн байх ёстой. Хэрэв парламентын доод танхимын гишүүд Руссеффыг хариуцлага алдсаных төлөө шүүхэд татахыг дэмжихгүй бол түүнийг огцруулах үйл явц зогсоно. Эс бөгөөс төрийн тэргүүнийг албан тушаалаас нь огцруулах эцсийн шийдвэрийг парламентын дээд танхим болох Сенат гаргана.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ