Ц.Сайнжаргал:Холбоо харилцаа одоогийнх шиг байгаагүй тэр он жилүүдэд хүүхдүүдээс захидал авдаг байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-09 16:16:10

Завхан /МОНЦАМЭ/. МУИС-ийн Завхан сургуулийн түүхэн 45 жилийн ой энэ жил тохиож байна. Тус сургууль анх худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны байгууллагуудыг мэргэжлийн ажилчин, боловсон хүчнээр хангах, худалдаа үйлчилгээнд соёлч байдал, дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх зорилгоор БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайдын 1974 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102 тоот тушаалаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс, Өвөрхангай аймгийн сургалтын төв болгож Завхан аймгийн Улиастай хотод Худалдааны ТМС нэртэйгээр байгуулж байсан түүхтэй ажээ. Ийнхүү тус сургуулийн анхны 01 тоот тушаалаар ахлах нягтлан бодогчоор нь томилогдон ажиллаж байсан тус сургуулийг үүсгэн байгуулалцсан ахмад ажилчин Цэрэвийн Сайнжаргалтай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Танд сургуулийн тань түүхэн 45 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Таныг Увс аймгийн хүн гэж сонссон юм байна. Завхан нутаг, Улиастай хотод анх ирсэн үеэ дурсахгүй юу?

-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Дөнгөж 20 гарсан, бөөн сэтгэл л 1974 оны долоодугаар сарын 12-нд Улиастайн Зээлийн эхэнд шуудангийн машинаас бууж байлаа. Аймгийн баяр наадам болоод гоёчихсон олон хүн машинтай, мотоциклтэй, морьтой, явганаар, баяр баясгалантай нааш цааш хөлхөлдсөн тэр мөчид, шуудангийн машинаар хамт ирсэн хүмүүсийг аав ээж, ах эгч дүү, анд нөхөд нь угтаж аваад явмагц хаачихаа, яахаа мэдэхгүй амьтан, С.Түвдэндоржтойгоо хоёулхнаа торойтол зогсоод үлдэх үед юм юм л бодогдож байж билээ. Шинээр сургууль байгуулалцана гээд ирж байснаа, анхны 01 тоот тушаалаар ажилд орсноо, худалдааны ня-бо мэргэжилтэй атлаа төсвийн байгууллагын ахлах нягтлан бодогч болсноо, “юу юу ч үгүй цагаан талд, хоосон газар” ажиллаж эхэлснээ, ганц ч хүн танихгүй газар ажиллаж, амьдрах болсноо эргээд бодоход “Одоо бол, одоогийн зарим залуус бол...” гээд бас л юм юм бодогдоно шүү.../инээв/

-Шинээр сургууль байгуулна гэдэг амаргүй байсан байх. Энэ талаараа дурсаач?

-Тэгэлгүй яах вэ. Бүхнийг цоо шинээр хийнэ, бий болгоно, бүтээнэ гэдэг амаргүй. Асар их хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, идэвх санаачилга шаарддагийг, зөвхөн ажлын цаг, амралтын өдөр гэх бодол, ойлголт байхгүйгээр хоёр нарны хооронд, шөнө дунд болтол ажиллахаас аргагүй байсныг сургуулийн маань “Анхдагчид” ойлгож, цаг наргүй, шахуу, шаргуу, бүтээлч ажилласны үр дүн гарч байсан шүү. 1974 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эртний түүхтэй, ар Монголын нийслэл хэмээн нэрлэгдэж явсан Улиастай хотод “Анхны хичээлийн жилийн нээлт”-ээ хийж байсан тэр мөчөөс хойш хагас зуу шахам жил өнгөрсөн ч өчигдрийнх юм шиг санагдаж байна. Сайхан байна аа.

-Тэгвэл та сургуулийнхаа “Анхдагчид”-аа дурсаач? Олон хүний түүх юм даа?

-Ажилтан, ажилчдаа бүрдүүлж, байр сав, өмч хөрөнгө, данс даавуу, эд хогшил гээд сургууль, сургалтад шаардлагатай бүхнийг богино хугацаанд олж бэлтгэж, хийж, бий болгож чадсан нь эдүгээгийн МУИС-ийн Завхан сургуулийн шавыг тавьж, тулгыг тулж, өрхийг татаж, үүдийг нээсэн, сургуулийн дайтай сургууль болгосон захирал Норовын Гомбодоржийн гавьяа гэж боддог юм. Багш С.Түвдэндорж, Д.Лавдансүрэн, Л.Цэцэгдарь, орлогч захирал, хичээлийн эрхлэгч Д.Цэрэндорж, багш Г.Нэргүй, П.Өөдөс, Г.Гонгоржав, В.Майдархүү, С.Даштогтох, Д.Мөнгөнхүү, Ц.Жамъяншарав, Б.Зана, Б.Жүгдэрнамжил, Р.Дашмядаг, Цэцгээ, байрны багш П.Эрдэнэчимэг, Г.Нацаг, аж ахуйн эрхлэгч, нярав Ш.Дамдин, бичиг хэргийн эрхлэгч, бичээч С.Норжид, жижүүр Г.Бямбаа, Б.Дашдондог, Л.Банзрагч, О.Цэвэгжав, үйлчлэгч Т.Чимэддолжин, Б.Дэнзэндэмид, галч Ж.Загдаа, С.Норов, цахилгаанчин С.Баасанжав, жолооч Л.Галсанням, М.Самбуу, хувцас өлгөгч Е.Өлзийжаргал, сахиул Л.Бадмаараг, Д.Дэчин нар маань яахын аргагүй сургуулийн анхдагчид юм.

Анхдагчдын хичээл зүтгэлийн, хийсэн бүтээснийх нь, бүхнээ зориулж ажилласных нь бодитой үр дүн болж сургалт, хүмүүжлийн ажлаа явуулах бэлтгэл бүрэн хангагдаж анхны шавь нараа хүлээж авч байлаа. Анхны хичээлийн жилийн элсэгч Ү.Должинсүрэн /Архангай/, М.Камей /Баян-Өлгий/, Д.Довдон /Баянхонгор/, П.Пэлжид /Говь-Алтай/, Р.Хоролхүү /Завхан/, Д.Норгим /Өвөрхангай/, Д.Буянтогтох /Увс/, Д.Юнгэрмаа /Ховд/, Ж.Цэгмэд /Хөвсгөл/ нарын 200 оюутан, сургуулийн маань анхны элсэгчид байв. 1975 онд Худалдааны Техникум-ТМС болж, өргөжин, шинэ бүтцээр ажиллах болоход багшаар ажилласан Ц.Онон, Ш.Гүнд, Б.Дорж, П.Санжид, хичээлийн эрхлэгч Д.Базарсүрэн, байрны багш П.Сономпил, 1975  онд Техникумд элссэн М.Бекебай /Баян-Өлгий/, Ч.Дагвадорж /Говь-Алтай/, Ш.Даваажаргал /Завхан/, Д.Алтан /Увс/, М.Баатаржав /Ховд/ нарын 100 оюутан ч тус сургуулийн анхдагчид юм. Эргээд дурсахад ёстой л олон хүний түүх эхэлж байжээ.

-Та сургуулийнхаа түүхийг ярьж өгөөч?

-Миний ажиллах үед сургууль маань удирдлага, зохион байгуулалт, багшлах боловсон хүчин, ажилтан ажилчид, материаллаг бааз, аж ахуйн хувьд нэгдмэл, сургалтын төлөвлөгөө, програм ондоо хоёр сургууль хамтдаа сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж байснаараа “Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг ганцхан сургууль” байсныг эргэн дурсахад үнэхээр бахархам байна. Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх түүхэнд манай сургууль өвөрмөц түүхийг бүтээсэн, бүтээсээр яваа. Техник мэргэжлийн сургууль, Техникум, Коллеж, Салбар сургууль, Их сургууль гэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шат шатны сургалтыг явуулж ирсэн түүхэн замнал ганцхан “Манай, бидний сургуулийнх”. Хагас зуу шахам жилийн түүхэн замналынхаа хугацаанд Монгол Улсын мэргэжлийн боловсролын бүх төрөл хэлбэрийн сургалтыг орон нутагт, эх орныхоо алс баруун хэсэгт тогтвортой, амжилттай явуулж ирсэн нь амжилт гэхэд багадам, гайхамшиг гэхэд ихдэм гэж би бодож явдаг хүн.

-Таны бичсэн “Миний мэдэх, миний 15 жил” номыг олж уншсан юм. Зарим зүйлийг тодруулмаар, хүмүүст хүргэмээр санагдсан?

-Би сургуульдаа ахлах нягтлан бодогч, багш, орлогч захирлаар 15 жил ажилласан. Энэ үеийн түүхийг, түүхэн замналыг хагас дутуу ч гэлээ мэдэх хэмжээндээ. Бас өөрийнхөө ажилласан хугацаандаа хийсэн зарим ажлаасаа номдоо оруулахыг хичээсэн юм. Сургуулийн түүхийн эхний жилүүдэд ажиллаж байсан хүмүүсийн, үе үеийн, аймаг аймгийн төгсөгчдийн төлөөллийн дурсамж тэр номд бий. Номоосоо 30 ширхэгийг сургуулийнхаа номын санд өгсөн юм. Сургуулийн анхдагчдын нэг болсноо “Үүрэг, хариуцлага” гэж би ойлгож, бодож ирсэн учраас л сургуулийнхаа 40 жилийн ойгоор тэрхүү номоо гаргасан. Ном ямар болсныг надтай хамт ажилласан 87 багш, сурган хүмүүжүүлэгч, 158 ажилтан, ажилчид, 4517 оюутан, төгсөгчид үнэлж, дүгнэж, үгээ хэлж, алдаа мадгийг  нь засаж, дутуу хагасыг нь гүйцээх буй заа гэж боддог юм. Ер нь хүн ажлаа эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн төлөвлөгөөтэй хийж байх нь чухал юм шүү дээ.

-Таны ажлаа “Эхлэл, өрнөл, төгсгөл” гэсэн хэсэгтэйгээр төлөвлөж, хийж, зохион байгуулж, удирдаж байсан тань одоо цагт хэрэгтэй, ач холбогдолтой санагдаж байна шүү?

-Аливаа юм бүхэн цаг хугацаатай. Ямар ч ажил, асуудал, үйл ажиллагааг “Эхлэл, өрнөл, төгсгөл”–ийн үе шаттайгаар явуулах, хийх, гүйцэтгэх нь тэр ажлын үр дүнд сайнаар нөлөөлдөг юм. Зорилго нь биелж, зорилт нь хангагддаг гэсэн үг. Ажил урсгалаараа явдаг, сүүл рүүгээ шахагддаг, тэр нь ачаалал, хүндрэл болдог, эцэстээ яасан ийсэн нь мэдэгддэггүй нь ажлын үе шат алдагдсаных шүү дээ. Даасан ангийн ч, сургуулийн ч оюутнуудыг хүлээн аваад сургуулиа, хотоо, аймгаа, сургуулийн дүрэм, журам, ном сурах бичиг, сургалтын төлөвлөгөө, програм танилцуулах, зөвлөгөө өгөх, оюутан болсны баяр тэмдэглэх, оюутны үнэмлэх, сурлагын дэвтрийг хүндэтгэлтэйгээр гардуулах, танилцах үдэшлэг хийх, ар гэрт нь захидал бичих гэх зэрэг олон ажлыг бид амжуулдаг байлаа. Энэ бүхнийг “Эхлэл” хэсэгт хийдэг бол, “Төгсгөл” хэсэгт асуулт өгч хариулт авах, чөлөөт ярилцлага хийх, уулзалтууд зохион байгуулах, мөнгөн хонхны баяр тэмдэглэх, “Сургууль минь баяртай” сэдэвт төгсөлтийн үдэшлэг хийх, төгсөлтийн дүнгийн хурлын дараа “Төгсөх ангийн багш нарын концерт” тоглох, төгсөгчдийг үдэн гаргах гээд мөн л олон ажлыг хийдэг байлаа даа.

-Тэр үеийн сургалтын арга барил сонирхолтой байна шүү?

-Тэгэлгүй яах вэ. Холбоо харилцаа одоогийнх шиг байгаагүй тэр он жилүүдэд сургууль, мэргэжил, ангийнх нь тухай бичсэн захидал хүүхдийнхээ багшаас авах нь оюутнуудын ар гэрийнхэнд сайхан байсан нь тэдний хариу захидлаас тодорхой байдаг. Оюутнуудад асуулт өгч хариулт авах нь тэд өөртөө дүгнэлт хийх, дутуу хагас сурч мэдсэнээ үлдсэн хугацаанд сурч мэдэж авах, багш нараасаа зөвлөгөө авах гэсэн өргөн агуулгатай байсан нь ажил дээр очиход хэрэг болсон талаар шавь нар захидалдаа бичдэг байлаа. Хожим нь уулзалдахдаа ч ярьдаг юм. Энэ мэтчилэн ажил бүрийн агуулга, зорилго, ач холбогдол, үр дүнг тодруулж болдог байв.  

-Ангийн ажлын комисс ажиллуулахын зорилго, ач холбогдол юунд байв?

-Анги бол сургуулийн анхан шатны нэгж, нэг хамт олон. Энэ хамт олны сурлага, хүмүүжил, бүхий л зүйлээс сургуулийн ажлын эцсийн үр дүн ч, Худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны салбарт ямар боловсон хүчин очих нь ч шалтгаална шүү дээ. Арван хэдэн жил сургуулиар явсан, сурагчийн, оюутны амьдралаар амьдарсан шавь нар маань өөр орчинд, хөдөлмөрийн хамт олны дунд очно, том хүмүүстэй хамт ажиллана, ахмад хүмүүсийг удирдана. Үүнд шавь нар маань бэлтгэгдсэн байх ёстой. Залуу хүмүүс шинэ зүйл сэддэг, бодож явдаг болохоор оюутан бүрд түүнээ хийх, хэрэгжүүлэх боломж олгох, шавь нараа удирдах, удирдуулах ёсонд суралцуулах шаардлагатай байв. Ангийн ажлын комисст оюутнуудыг ажиллуулахын зорилго эндээс урган гарсан юм. Оюутнууд гурав дөрвөөрөө ангийнхаа бүхий л ажлыг сар сараар хариуцан ажиллана гэсэн үг. Тухайн сарын ангийн ажлын төлөвлөгөө хийхээс эхлээд сарын турш ангийн хамт олноо удирдана. Сар дуусахад ангийн хурал хийж ажлаа тайлагнаад, хийсэн ажлын бичиг баримтаа цэгцлээд дараа сард ангийн ажлын комиссоор ажиллах нөхдөдөө хүлээлгэн өгснөөр ажил нь дуусна. Ингэснээр ангийн бүхий л ажил ангийн дарга, ХЗЭ-ийн үүрийн дарга, нийгмийн идэвх сайтай хэдхэн оюутны асуудал байхаа болино шүү дээ. Ер нь бүх оюутнууд ангийн ажилд жигд оролцоно. Төлөвлөгөө хийх, хурал удирдах, хурлын тэмдэглэл хөтлөх, үдэшлэг, уулзалт, уралдаан, тэмцээн, нийгмийн тустай хөдөлмөр зэрэгт нөхдөө удирдах, зохион байгуулах, ажлын тайлан бичих гээд албан хэрэг хөтлөх, бичиг баримт боловсруулах, ажил хариуцах, хүнтэй ажиллах, удирдан зохион байгуулах, хүнд шаардлага тавих, бусдын өмнөөс хариуцлага хүлээх гэхчлэн олон юманд сургадагт уг ажлын ач холбогдол оршдог юм шүү дээ.

-Таны номоос шавь нарынхаа ар гэрийнхэнд, шавь нартаа бичсэн олон захидлыг, тэднээс ирсэн олон захидлуудаас уншсан. Үнэхээр сайхан санагдсан.

-Шавь нарынхаа аав, ээж, ар гэрийнхэнд нь, шавь нартаа 30, 40 жилийн өмнө бичсэн миний захидлууд, тэд нараас надад ирсэн хариу захидлууд одоо ч надад хадгалагдаж байгаа. Хааяа унших надад ч сайхан байдаг нь миний тэдэнд, тэднээс надад хандсан “Чин сэтгэлийн илэрхийлэл” учраас тэр л дээ. “Ер нь ажилчин болно гэдэг аягүй хэцүү юмаа. Яаж ажиллах талаар багш танаасаа зөвлөгөө хүсье...”

“ ...Хүнтэй ажиллах эв дүй их дутах юм. Тэгээд л таны бидэнтэй ажиллаж байсныг эргэцүүлэн боддог доо...”

“...Таныг манай аймагт ажлаар ирсэн тэр богинохон хугацаандаа миний төлөө санаа тавьж манай эзэнтэй уулзсанд маш их баярлалаа. Аав ээж хоёрт хэлсэн чинь баярлаад сүйд...”

“...Багшаа нөгөө хүнээс сураг алга. Аав ээж нь сүйд болоод байх юм. Би гэдэг хүн учраа олохоо байлаа...” “...Хэдийгээр ганцаараа биш ч гэсэн хүний нутагт, аав ээжээсээ хол, Дорноговьд ажиллаж байгаа надад багш та минь эргэж ирнэ гэдэг бол аав ээж минь ирснээс өөрцгүй санагдсан...”

“...Багшаа таны захидал надад үнэхээр их урам хайрласан шүү. Би таны захидлуудыг уншаад зүгээр сууж чаддаггүй. Бахархах сэтгэл төрж найзууддаа, ажилчиддаа уншуулдаг. УБ хотод, бас манай сургууль төгссөн найзууд маань таны захидлыг уншаад “Ямар гоё юм бэ, ийм захидал авах юм сан” гэдэг...” “...Би таныг их санаж байгаа байхаа, үе үе зүүдэлдэг. Хүн хүнийг санахаараа л зүүдэлдэг гэсэн...

“...Сэтгэл санаа тавгүй үедээ тандаа захидал бичиж туслалцаа, зөвлөгөө хүсэж байгааг минь зөвөөр ойлгоорой...”

“...Та зөвхөн манай ангийнхны төлөө санаа тавиад яваагүй. Бидний урд, хойно төгссөн манай сургуулийн төгсөгчид таныг сайнаар дурсан ярьдаг...”

“...Аавынхаа 30-аад жилийн тэртээ бичсэн захидлыг танаас аваад очсон чинь ээж минь уншаад уйлсан...” гээд ийм үгтэй захидлуудыг аваад би баярлахгүй, сэтгэл хөдлөхгүй, үзэг цаас авахгүй, хариу бичихгүй байж чаддаггүй байсан юм даа.

-Та төгсөгчидтэйгөө захидлаар харилцахаас гадна ажиллаж байсан газар нь очиж уулзаж байсан юм байна шүү дээ?

-“Худалдааны байгууллагуудад үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулах нь” сэдвээр  бичсэн илтгэл маань улсад шалгарснаар 1987 оны 11-р сард би Улаанбаатар хот орсон юм. Ардын боловсролын яам, МХЗЭ-ийн төв хороо, Дээд, тусгай дунд боловсролын улсын хороо зэрэг зургаан байгууллагаас зохион байгуулсан улсын хэмжээний Техникум, ТМС, Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын дунд явуулсан сурган хүмүүжүүлэх төв уншлагад оролцож улсад хоёрдугаар байр эзэлчихээд говийг зорьсон юм. Төгсөгчдөө эргэх гэж тэр. Дорноговь аймгийн дөрвөн сум, аймгийн төвд ажиллаж байгаа шавь нартайгаа уулзаад, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын зөвлөлийн хурал хийлгэж тодорхой зарим асуудлыг хөндөн хурлын тэмдэглэлд тусгуулж Худалдаа бэлтгэлийн яаманд явуулаад ирж байсан. Дараа жил Дундговь явна гэж бодож байлаа. Энэ хоёр аймагт хамгийн олон “Илгээлтийн эзэн” төгсөгчид маань ажиллаж байсан юм даг. Цаашдаа илгээлтийн эзэд орон нутагтаа явж амрахад нь замын зардлыг байгууллагаас нь олгуулах, газар хол учир амралт дээр нь нэмэгдэл хоног олгодог болох, сумууд, аймгийн төвд илгээлтийн эздийн орон сууц барих, сайн ажилласан илгээлтийн эздийг гадаад, дотоодын их, дээд сургуульд урилгаар суралцуулах зэрэг асуудлыг Худалдаа бэлтгэлийн яам, МХЗЭ-ийн төв хороонд тавина, шийдвэрлүүлнэ гэж бодож, зорьж явсан үедээ өөр байгууллагад ажиллахаар томилогдсон доо.

-Ер нь тэр аймаг, сумын, тийм ийм сургуулийн, төгсөгчдийн уулзалт гээд өргөн дэлгэр болдог болжээ? Танай төгсөгчид уулздаг уу?

-Манай төгсөгчид ч уулзалтаа хийдэг, хийсэн дуулддаг. Ч.Бямбажав /Завхан/, Ж.Оюунтогтох /Увс/, Д.Сүрэнжав /Говь-Алтай/ нарын Эдийн засагч, Ня-бо мэргэжлийн “Анхны элсэгч-төгсөгч”, П.Төвсанаа /Увс/, Б.Эрээнчимэг /Ховд/, Б.Алтанчимэг /Архангай/ нарын сургуулийнхаа анхдагчид болж МХЗЭ-ийн илгээлтээр Дундговийг зорьсон 1981 оны, Ч.Солонгоо /Архангай/, Н.Буянтогтох /Өвөрхангай/, Б.Дэнсмаа /Баянхонгор/, Б.Бадамцэцэг /Ховд/ нарын Ня-бо мэргэжлийн 1986 оны төгсөгчид. Л.Төмөрбаатар /Хөвсгөл/, Д.Оюунчимэг /Өвөрхангай/, Ц.Гэндэнсүрэн /Баян-Өлгий/ нарын Эдийн засагч, Д.Саранчимэг /Архангай/, У.Баатаржав /Ховд/, Х.Юмжаа /Увс/ нарын Ня-бо мэргэжлийн 1987 оны, Д.Пүрэвээ /Увс/, Д.Гармаа /Говь-Алта/\, Ж.Оюунчимэг /Увс/ нарын илгээлтээр Хэнтий аймгийг зорьсон 1988 оны, Ц.Баярсайхан /Хөвсгөл\, Ш.Цэрэнбадам /Увс/, Б.Отгонбаяр /Завхан/ нарын бэлтгэл судлалын мэргэжлийн 1989 оны төгсөгч олон шавь нарын уулзалт өөр өөрийн онцлогтой, оюутан үед нь аваачсан, олон олон дурсамжийг нь сэргээсэн, дурдатгалуудыг нь баяжуулсан сайхан уулзалтууд болсон нь мартахын аргагүй ээ. Оюутан үеийн дурсамж гэдэг насан туршид нь андынх нь сэтгэлд залуу настай нь, тэр үеийн бахархал хөөр, баяр жаргалтай нь хамт үлддэгийг шавь нарынхаа уулзалт бүрээс мэдэрдэг юм шүү.

-Багш мэргэжлийн онцлог, багш байхын утга учир юу юм бэ гэж танаас асуумаар санагдлаа?

-Багш хүн эрдэм сургаж, мэдлэг олгож, мэргэжил эзэмшүүлэхээс дутуугүй анхаарах асуудал бол шавь нараа хүмүүжүүлэх гэж юуны өмнө хэлнэ. Хэний ч бай аливаа бүхэн хүмүүжлээс нь л шалтгаалдаг. Багш хүнд, багш байхад төгссөн сургууль, олсон боловсрол, эзэмшсэн мэргэжлээс гадна чин сэтгэл, зарчимч чанар чухал гэдгийг багш хүн бодох, ажил хэрэг болгох зайлшгүй шаардлагатай гэж бодож явдаг юм шүү. Сэтгэл бол амжилтын үүд. Зарчим бол алдааны хаалт юм шүү дээ.

Танд баярлалаа. Цаг зав гарган ярилцлага өгсөнд. Удахгүй сургуулийнхаа түүхэн ойгоор олон шавь, багш нартайгаа уулзаарай гэж ерөөе. 

Холбоотой мэдээ