ШИНЭЛЭГ САНААНЫ ХҮРДИЙГ ЭРГҮҮЛСЭН "FALLING WALLS LAB MONGOLIA"

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-10-08 17:41:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Берлиний хана нурсны 30 жил, “Falling Walls Accociation” үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголд анх удаа залуу мэргэжилтнүүд, Залуу мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, энтрепренерүүдийн шинэ санаа, шинэлэг шийдлээ танилцуулах "Falling Walls Lab Mongolia" зохион байгуулагдлаа.


Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий “Falling Walls Lab” хурал нь эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хэн бүхнийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа 3 минутын дотор багтаан бусдад танилцуулах боломжийг олгодог юм.


1989 онд  хүмүүсийг зааглаж, оюун санааг нь хашиж байсан Берлиний хана нурсан түүхтэй. Уг явдлаас сэдэвлэн 2009 онд "Falling Walls Lab"  нэртэй шинэ санаа шинэлэг шийдлүүдийг хайж дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан оролцогчдыг нэгэн дээвэр дор чуулах боломж олгох болсон. Дэлхийн улс орон бүрээс шалгарсан 100 орчим үндэсний ялагчид ирэх сард Берлин хотод зохион байгуулагдах сүүлчийн шатны тэмцээнд өрсөлдөн  "Falling Walls" хуралд оролцох юм.




Тус хурлыг “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ хамтран зохион байгуулав. Мөн Гадаад Харилцааны Яам албан ёсны түншээр ажилласан байна. Анх удаа зохион байгуулагдсан уг эрдэм шинжилгээний чуулганд найман илтгэгч оролцож өөрсдийн шинэ санааг илэрхийлсэн судалгааны ажлуудаа гурван минутад багтаан илтгэв.


Тэд нийгэмд тулгамдсан асуудал, барилгын шинэ дэвшилтэд материал болон байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийн тухай ихэвчлэн дурдсан билээ.


Шүүгчдийн дүн гарахад залуу эрдэмтэн судлаачид дундаас МГТИС багш З.Ууганбаатар “Breaking the Wall of Wind and Mind” сэдэв бүхий шинэлэг санаагаараа тэргүүн байрын шагналыг хүрав. Ингэснээр 11 сарын 08-нд Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Falling Walls Lab Finale”-д орон орны 100 үндэсний ялагчидтай өрсөлдөн өөрийн төслөө дэлхий дахинд танилцуулах боломжтой болов.

Харин дэд байрт Филиппин улсаас ирж оролцсон “Cardinal Health International Philippines” байгууллагын “Regulatory Sciences Department”-ын дарга Emmanual C.Damian “Breaking the Wall of Fast Fashion” төслөөр, гутгаар байрт МГТИС-ийн багш Р.Нямдулам “Breaking the Wall of Light Emission” төслөөрөө тус тус шалгарлаа.


"Falling Walls Lab Mongolia", үндэсний ялагч МГТИС-ийн багш, З.Ууганбаяр




Энэхүү хуралд олон мундаг, залуу судлаачдын хамт өрсөлдөж тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Бидний залуус үргэлж шинийг санаачилж, түүнээ ажил хэрэг болгохын тулд хөдөлмөрлөдөг, санаагаа улам баяжуул, боловсруулж, хүмүүст хүргэдэг байх хэрэг. Миний хувьд бол уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарсан ууршилтын улмаас говийн бүсэд ус хомсдох болсон асуудлыг хөндлөө. Энэ нөхцөлд үерийн усыг хэрхэн хуримтлал үүсгэж аж ахуйд хэрэглэж болох тухай судалгааг танилцуулсан. Говийн бүсийн үерийн ус илүү давстай байдаг учир ус хуримтлуулах газрын эх хэсгээс ус авч ахуйн хэрэглээнд зарцуулах боломжтой. Ингэснээр орон нутгийн айл өрхийн орлого ч нэмэгдэнэ гэж үзсэн. Усны нөөцийг тогтвортой байдалд барихдаа "hydroponic" технологийг ашиглах буюу усыг өөр дээрээ дахин эргэлдүүлж тариалан ч эрхлэх боломжтой.


Монгол Улс дахь ХБНГУ-н Элчин Сайдын Яамны төлөөлөл Соёл урлаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны атташе Пиа Цийгэнхагэн




Дэлхийн 60 гаруй орны судлаачид өөрсдийн хамгийн шинэлэг бүтээлүүдээ танилцуулдаг “Falling Walls Lab” хэмээх олон улсад үнэлэгдсэн энэхүү хурал Монголд анх удаа зохион байгуулагдаж буйд таатай байна. Түүнчлэн монгол залуус энэхүү тэмцээнд оролцож буй явдал нь дэлхийн залуустай туршлага солилцох нэгэн гүүр болж байна. Тийм дээ ч Монгол Улсын эрдэм шинжилгээний салбарт түлхэц болохуйц үр дүнтэй арга хэмжээ. Нөгөөтэйгүүр залуу судлаачид өөрсдийн бүтээлээ бусдад таниулах, сурталчлан түгээхэд энэхүү хурал маш их үр дүнтэй байдаг.


МГТИС-ийн сургалт хариуцсан дэд захирал,  Химийн ухааны профессор,
доктор Б.Батцэнгэл




Арван жилийн өмнө Герман улсад анх бий болсон энэхүү арга хэмжээ Монгол Улсад Берлиний хана нурсны 30 жил, Герман улстай дипломат харилцаа тогтоосны 45 жил, “Falling Walls Accociation” үүсч байгуулагдсаны 10 жил зэрэг олон ой давхацсан онд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна. Тус тэмцээний эрхийг авахад асар өндөр шаардлага, нарийн шалгуурыг хангасан байх хэрэгтэй. Тиймдээ ч бид албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж чадсандаа баяртай байгаа.  


Энэ удаад бид найман залуусыг шалгаруулж шинэлэг санаа, шийдлийг танилцуулах гурван минутын хугацааг тэдэнд олгосон. Залуу судлаачид маань шинэ технологи, бизнес модель, дата менежмент, хэрхэн сайн барилгын материал хийх вэ зэрэг олон шинэ санаануудыг танилцуулж байна. Энд хүрэлцэн ирсэн хүмүүс олон сонирхолтой илтгэлүүдийг сонсож, анхаарал татахуйц хариултыг олж авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Шүүгчдийн зүгээс цаашид ажил хэрэг болж чадах шинэ санааг сонгож, басхүү оролцогчдын илтгэх ур чадварыг давхар харгалзан үзэж шийдвэрээ гаргасан.


Ийнхүү тэмцээний ялагчаар шалгарсан судлаач З.Ууганбаяр төслөө олон улсад танилцуулах боломжтой болсноос гадна дэлхийн нэр хүндтэй “Falling Walls Conference”-д оролцох эрхтэй болжээ.


Мөн олон улсын “Falling Walls Lab Finale”–н цорын ганц ялагч “Falling Walls Conference”-д өөрийн шинэлэг санааны талаар дахин илтгэлээ танилцуулж мөнгөн шагнал хүртдэг уламжлалтай.  



Холбоотой мэдээ