Их Британийн иргэд монгол хүүхдүүдэд туслах аяныг 19 дэх жилдээ өрнүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-10-08 15:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британийн “Barton on Sea” тосгоны иргэд энэ сарын 5-нд монгол хүүхдүүдэд туслах зорилготой хандивын аянаа 19 дэх жилдээ өрнүүллээ.


Энэхүү хандивын аяныг Mrs.Mongolia нэрээр алдаршсан хатагтай Жакулин Прайс хамтрагчдынхаа хамт жил бүр зохион байгуулж “Кристина Нобл”-ийн сангаар дамжуулан Улаанбаатар хотын долоон дүүргийн өвчтэй, гэмт хэргийн хохирогч болсон, зорилтот бүлгийн хүүхдүүдэд илгээдэг байна. Хатагтай Жакулин Прайс болон түүний хамтрагчид нийт 100 гаруй хүүхдүүдэд сар бүр мөнгөн тусламж илгээдэг ба нэг хүүхдийг дунджаар 10 жил орчим ивээн тэтгэдэг. Түүнчлэн жилд 1000 орчим хүүхдийг “Barton on Sea” тосгоны иргэдийн хандивласан нэхмэл цамц, малгай, ороолт зэрэг дулаан хувцсаар хангадаг аж. Мөн Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй хүүхдүүдийг гадаадын том эмнэлгүүдэд үнэгүй эмчлүүлэх, замын зардлыг нь төлөх, амин дэм, эм тариа, түлэнхийн тос зэрэг нэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хэрэгтэй бүхнийг олж илгээх ажлыг зохион байгуулж ирсэн. 


Хатагтай Жакулин Прайсын энэхүү санаачилгыг Британи дахь монголчууд 2011 оноос хойш дэмжин ажиллаж буй юм. Энэ жилийн хандив босгох үйл ажиллагаанд Их Британи дахь монгол ардын урлагийн “Nomadic Tunes” хамтлаг, бүжигчин Б.Дашмаа, чөлөөт уран бүтээлч Альфредо Тросино, бяцхан дуучин М.Номин нар оролцож үндэсний урлагаа сурталчилсан юм. Мөн зураач Х.Элбэгзаяа өөрийн бүтээлүүдээ борлуулж орлогынхоо 30 хувийг хандивласан байна. 


Энэхүү аянаар нийт 1336 фунт стерлингийн хандив босгож чадсан бөгөөд Жакулин Прайс болон “Кристина Нобл” сангийн хамт олон 2020 онд Монголд зочлохдоо зорилтод бүлгийн өрхүүдэд бүрэн тавилгатай гэр өгөх зорилготой байгаа ажээ.


Хандивын аяныг Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN дэмжин ажиллалаа.

Холбоотой мэдээ