Мянганы сорилтын сан Монголд хэрэгжүүлэх хоёр дахь гэрээгээ танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-04 16:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Засгийн газар АНУ-ын Мянганы Сорилтын корпорац (МСК)-ын хооронд нийслэл хотын усан хангамжийг сайжруулах 350 сая ам.долларын гэрээ байгуулаад байгаа билээ.

Энэ нь МСК-аас манай улстай байгуулаад буй хоёр дахь компакт гэрээ юм. Гэрээний талаар МСК болон Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гаас өнөөдөр сэтгүүлчдэд “МРМ” төвд танилцуулав.

Компакт гэрээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ундны болон ахуйн, үйлдвэр, аж ахуйн газрын усны эрэлт, хэрэгцээг хангахад оршиж, гэрээний хүрээнд нийслэлийн баруун бүсийн усны эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн 3 төслийг хэрэгжүүлэх юм. Эдгээрийн нийт хөрөнгө оруулалт болох 350 сая ам.доллар нь буцалтгүй тусламж юм гэдгийг Мянганы Сорилтын корпорац (МСК)-ын Суурин захирал Алекс Рассин өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ тодотгож байв.  


Гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар УСУГ-ын урт хугацааны өр төлбөрийг чөлөөлөх, Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний зардлыг цэвэр, бохир усны тариф, хураамжийн орлогоос бүрэн нөхөх, энэ талын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж баталсан байх үүрэг хүлээж буйг Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос хэлэв. Энд мөн аж үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нарийвчилсан төлөвлөгөөг баталсан байх, шинэ Төвлөрсөн цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, холбогдох баримт бичгийг МСК-д хүргүүлэх, гэрээний төслийн нийт хөрөнгө оруулалтад Монгол Улсын Засгийн газрын оруулах хувь хэмжээ 112 сая ам.доллароос багагүй байх, МСК-ын үнэлгээний үзүүлэлтийг хэвээр хадгалах зэрэг орж байна.

Э.Содонтогос цааш нь хэлэхдээ, “Монголын Мянганы Сорилтын сан (ММСС) нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Мянганы Сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Компакт гэрээний хүрээнд үзүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, ойрын ирээдүйд нүүрлэж болзошгүй усны хомсдлоос урьдчилан сэргийлэх, усны салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах хууль эрх зүй, бодлого, зохицуулалтын орчныг сайжруулах, түүнчлэн бүх нийтийн усанд хандах хандлага, сэтгэлгээ, соёлыг өөрчлөх зэрэг цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж тэрээр мэдээллээ.




Мянганы Сорилтын корпорац (МСК) нь АНУ-ын Конгрессын дэмжлэгтэйгээр 2004 онд байгуулсан тус улсын Засгийн газрын харьяа бие даасан агентлаг бөгөөд дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад чиглэсэн санхүүгийн туслалцаа үзүүлдэг юм. Ингэхдээ МСК-ын хөгжлийн санхүүжилтийн шалгуур үзүүлэлтүүд нь

  • Сайн засаглал
  • Эдийн засгийн эрх чөлөө
  • Иргэдээ дэмжсэн хөрөнгө оруулалт байх юм.

Б.Болд

Холбоотой мэдээ