Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 76 хувьтай байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-05 13:54:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 270 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан аймгийн засаг даргын албан даалгавар, захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа. Одоогоор тус аймгийн төв  суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 76 хувьтай үргэлжилж байна. 

Аймгийн төвийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэлд нэг тэрбум 573,3 сая төгрөгийн 56 төрлийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс, одоогоор 43 ажлыг хэрэгжүүлэн төлөвлөгөөт ажлын биелэлт 76 хувьтай байна.

Төвлөрсөн дулаан хангамж, бие даасан уурын зуух бүхий сумдын их болон урсгал засварын ажил, нүүрсний нөөц, түлш шатахуун татан авах ажлын хэрэгжилт 65 хувийн биелэлттэй байна.

Харин ХАА-н салбарын тухайд тус аймагт урьдчилсан байдлаар 4,1 сая толгой мал өвөлжиж хаваржих төлөвтэй. Нийт нутгийн 20,6 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой бөгөөд тодорхой тооны мал гаднаас отроор оруулах бэлчээрийн нөөцтэй байна. Харин 19 хувьд гаднаас отрын мал оруулах боломжгүй, үлдсэн 60,4 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тус аймгийн газар нутаг дээр явж буй улсын болон олон улсын чанартай замуудад нийт 225,5 сая төгрөгийн засвар, арчлалтыг хийжээ. Цас мөс хайлуулах дөрвөн тонн бодис, давсны нөөцтэй байгаа бөгөөд цаашид нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ