Гурвалсан гэрээ зарим суманд амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-04 13:39:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн цагдаагийн газрын дарга, сумын засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгч хоорондын байгуулсан гурвалсан гэрээ зарим суманд амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал, Сүхбаатар сумын ЗДТГ, ИТХ-аас сумынхаа цагдаагийн купоныг бүрэн засварлаж, ашиглалтад орууллаа.

Гурвалсан гэрээнд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухай хэд хэдэн заалт бий. Хөдөө сумдад ажиллаж байгаа алба хаагчдын ажиллаж, амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар ажлын бүтээмж дээшлэх, цаашлаад тухайн сум орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн ахих гээд олон талын ач холбогдолтой.

Манай сумын нэг давуу тал нь уул уурхайтай учир тэдгээр компаниудаас орж ирсэн хөрөнгийг сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд зарцуулах боломж бүрддэг. Энэ жилийн тухайд сумын ИТХ-аар батлуулж, нийт 17,5 сая төгрөгөөр энэхүү цагдаагийн байрны иж бүрэн засварыг хийж гүйцэтгэлээ. Үүнээс гадна согтуурал хэмжигч драйгерийн асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид цагдаагийн хэсгийн автомашин ашиглах боломжгүй болсон тул хуулийн дагуу акталж, шинэ машинтай болгох талаар судалж хөөцөлдөж байгаа. Үүнийг ирэх оноос өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Сүхбаатар сумын Засаг дарга  Ц.Хүрэлсүх хэллээ.

Сүхбаатар сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхнасан яриахдаа, тус суманд төлөөлөгчөөр томилогдож ирээд есөн сар болж байна. Анх ирэхэд цагдаагийн байрны тухайд халаалтын систем эвдэрсэн, хананд цууралт үүссэн, ер нь ажлын өрөө, амьдрах өрөө аль нь ч ямар ч ашиглах боломжгүй байсан. Тиймээс өнөөг хүртэл сумын төвийн нийтийн ахуй үйчилгээний байранд ажиллаж ирсэн. Анх байрныхаа засварыг эхлүүлэх гэж сумын удирдлагууд руу ороход хүсэлтийн минь их сайхан хүлээн авч, шаардлагатай төсвийг богино хугацаанд шийдвэрлэсэнд талархал илэрхийлье гэв.

Гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баяндэлгэр, Түмэнцогт сум мөн цагдаагийн купоноо бүрэн засварлажээ. Ингэснээр гурван сумын цагдаагийн алба хаагчид тохилог орчинд ажиллаж, амьдрах боломжтой болж байна.

 

Холбоотой мэдээ