Хунтын рашааны сувиллын эмчилгээг сумын эмнэлэгт үзүүлнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-03 22:15:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төв эмийн бус уламжлалт эмчилгээний найман ортой тасаг байгууллаа. Уламжлалт бариа засал, зүү төөнүүр, Хунтын рашаан сувиллын шавар эмчилгээ зэрэгт тулгуурлан үйл ажиллагаа явуулах тасаг нь иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх юм.

-Цаашид хойд бүсийн сумын уламжлалт анагаах ухааны сэргээн засах төв болохоор ажиллах болно. Энэхүү уламжлалт эмчилгээний тасгийг хэрэглэл материалаар бүрэн хангаж, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн “Сайхан сэтгэл- Баторших сангийн тэргүүн М.Бат-Оршиход талархаж байна гэж тус сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Дулам ярилаа.

“Сайхан сэтгэл-Баторших” сан өнгөрсөн онд тус эрүүл мэндийн төвийн хуучин барилгад 240,0 гаруй сая төгрөгөөр их засвар хийж, уламжлалт эмчилгээ, сургалт явуулах нөхцөлөөр хангасан юм. Сайхан сумын төвөөс холгүй орших Хунтын рашаанд иргэд дулааны улиралд очиж сувилгаа хийдэг байсан бол эрүүл мэндийн байгууллага уламжлалт эмчилгээний шинэ үйлчилгээ нээснээр жилийн аль ч улиралд шавар эмчилгээ хийлгэх боломжтой болжээ.

Холбоотой мэдээ