Иргэн төвтэй улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-02 16:14:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан мэдээлэл өгч, яаралтай үйлчилгээ үзүүллээ.

Тус хэлтсээс 2019 оныг "Иргэн төвтэй бүртгэлийн үйлчилгээний жил" болгон зарлаж, иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг хамгийн хөнгөн шуурхай, чирэгдэлгүй авч, цаг бага зарцуулж байх бүхий л боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа ажээ.
Өдөрлөгийг 15 суманд зэрэг явуулж, салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, иргэдэд мэдээлэл өгснөөс гадна хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг торгуулиас чөлөөлөн шуурхай олгож, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл хийж, газар дээр нь шийдвэрлэж өгчээ. 
15 суманд 681 иргэн тус өдөрлөгт хамрагдаж, мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ авч, цахим үнэмлэхээ гээгдүүлсэн 316, төрсний болон гэрлэсний гэрчилгээгээ гээгдүүлсэн 19, гадаад паспорт авах 17 иргэн хандаж, 8 430 000 төгрөгийн торгуулиас чөлөөлүүлжээ.
Иргэний бүртгэлийн чиглэлээр 378 иргэн, хуулийн этгээдийн чиглэлээр 3 иргэн, аж ахуйн нэгж, эд хөрөнгийн чиглэлээр 25 иргэн шуурхай үйлчлүүлсэн байна.
Энэ өдөр улсын төсөвт 4 930 000 төгрөг, 1 167 400 төгрөг, орон нутгийн орлогод 1 167 400 төгрөг төвлөрүүлсэн ажээ. 

Холбоотой мэдээ