Иранчууд С-300-гийн эхний хэсгийг хүлээн авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-11 17:43:01

ТЕГЕРАН. /Kommersant/. Зенитийн пуужингийн С-300 цогцолборын эхний хэсгийг Ираны тал хүлээн авсан гэдгийг Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуссейн Жабери Ансари мэдэгдлээ. Ачааг Каспийн тэнгисээр тээвэрлэн хүргэжээ.

Харин “Рособоронэкспорт” нэгдлийн төлөөлөгч дээрх мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.

2015 оны сүүлчээр Оросын төрийн эзэмшлийн «Ростех» корпорацийн Ерөнхий захирал Сергей Чемезов С-300 цогцолборыг Ираны талд нийлүүлэх тухай хэлцэлд гарын үсэг зуржээ. Ираны цэргийнхэн нийтдээ дөрвөн дивизионыг шинээр эмхлэн байгуулахад шаардагдах тооны С-300 цогцолборыг хүлээн авна. Өмнө нь уг зэвсгийг Сирид нийлүүлэхээр төлөвлөж байсан боловч Израилийн хүсэлтийг харгалзан худалдахаа зогсоожээ.

С-300 цогцолборыг нийлүүлэх хэлцлийн нийт өртөг 1 тэрбум орчим доллар болох бөгөөд 2017 оны дунд үе гэхэд зэвсгийг нийлүүлж дуусах аж. 

Д.Жаргал

Холбоотой мэдээ