Футэмма баазыг шилжүүлэн байрлуулах төлөвлөгөөг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-11 16:40:25

ХИРОШИМА. /Kyodo/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний Футэмма баазыг Японы Окинава арлын нутаг дэвсгэрийн дотор шилжүүлэн байрлуулах тухай одоогийн төлөвлөгөөг Токио болон Вашингтоны эрх баригчид хэвээр нь үлдээхээр тогтжээ. Эл шийдвэр бол асуудлыг шийдэх цорын ганц хувилбар мөн гэж хоёр орны эрх баригчид үзэж байгаа аж. Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын өнөөдөр хийсэн хэлэлцээний үр дүнд ийм тохиролцоонд хүрчээ.

“Энэ нь цорын ганц боломжит хувилбар гэдэгтэй бид санал нэгдлээ” гэж Кишида цохон тэмдэглэсэн байна.

Одоогийн төлөвлөгөөгөөр бол Америкийн агаарын баазыг Японы Окинава арал дахь хүн ам шигүү суурьшсан Гинован хотоос тус арлын Хэноко буланд шилжүүлэн байрлуулах ёстой. Футэмма баазыг Японы хамгийн өмнөд муж болох Окинава дотроо байлгах тус улсын эрх баригчдын бодлого мужийн оршин суугчид болоод орон нутгийн эрх баригчдын дургүйцлийг ихээр төрүүлдэг аж. Тэд Америкийн цэргийн объектыг Окинавагаас заавал гаргахыг шаардсаар байгаа юм.

Үүний сацуу Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Окинава мужийн эрх баригчидтай шинэ тохиролцоонд хүрч чадсанаа гуравдугаар сард мэдэгдсэнээр Хэноко буланд газар шорооны ажлыг зогсоох шийдвэр гаргасан юм. Үүнээс гадна, Окинава муж болон Японы төв Засгийн газрын удирдлагууд хооронд шүүхээр заргалдаж байсан бүх маргааныг зогсоож, эцсийн шийдэлд хүрэхийн тулд зөвлөлдөж эхэлжээ. Энэ нь Футэмма баазыг шилжүүлэн байрлуулах үйл явцыг хойшлуулсан байна. “Бид үүнийг ойлгож хандаж байна” гэж Керри уг асуудалтай холбоотойгоор мэдэгдсэн байна.

Америкийн агаарын цэргийн баазыг нүүлгэх асуудал 2006 оноос хойш яригдаж байгаа юм. Окинава мужийн эрх баригчид хэсэг иргэдийн дэмжлэгтэйгээр уг баазыг мужаасаа бүрмөсөн гаргахыг шаардаж байв. Хожим нь 2013 онд мужийн засаг захиргаа уг цэргийн объектыг арлын өөр хэсэгт шилжүүлэн байрлуулахыг зөвшөөрчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ