Солонгосын нэгдлийн асуудлаарх Улаанбаатарын дугуй ширээний уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-30 17:57:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн Хойд Азийн энхтайван, хөгжил дэвшил ба Солонгосын нэгдэл” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай болов.

“Цэнхэр сүлд” төрийн бус байгууллага, Даян дэлхийн энхтайвны сан, “Нэгдмэл Солонгосын төлөөх үйл ажиллагаа” байгууллагаас хамтран зохион байгуулсан тус уулзалтад оролцохоор иргэний нийгмийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид болон Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатчдаас бүрдсэн дэлхийн 7 улсын төлөөлөгч хүрэлцэн иржээ.  

Тэдний дотор Монгол Улсыг төлөөлөн НҮБ-д суугаа Элчин сайд асан Ж.Энхсайхан, Их Британи улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд асан Жон Эверард, Индонез улсаас АНУ-д суугаа Элчин сайд асан Дино Патти Жалал, “Нэгдмэл Солонгосын төлөөх үйл ажиллагаа” /Action for Korea United/ байгууллагын дэд дарга Интек Сео нар байлаа.


Олон улсын дугуй ширээний уулзалтыг нээж “Цэнхэр сүлд” ТББ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат үг хэлэхдээ “Монгол Улс бүс нутгийн орнуудын харилцан итгэлцэл, яриа хэлэлцээг бэхжүүлэхийн тулд итгэлцлийн гүүр болохыг эрмэлздэг. Манай улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаатайгаас гадна БНСУ-тай бүх талын харилцаагаа хөгжүүлж буй давуу талаа ашиглан улс орнуудын хооронд энх тайван, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж байна” гэж онцлон тэмдэглэлээ.   

Уулзалтыг зохион байгуулсан ТББ-ууд хоёр Солонгосыг энх тайвны замаар нэгтгэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилтыг Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын нэгдлийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд, бүс нутгийн улс орнуудын засгийн газрууд, гуравдагч талуудын уулзалтын талбар болж буй Монгол Улсын үүрэг оролцоотой уялдуулан зохицуулах нь чухал болох талаар харилцан санал бодлоо солилцов.

Одоо үргэлжилж буй яриа хэлэлцээний үйл явц, ялангуяа 2020 онд болох Солонгосын нэгдэл ба Зүүн Хойд Азийн энх тайвны төлөөх олон улсын зөвлөлөөс зохион байгуулах бүс нутгийн чуулга уулзалтаас тодорхой бодлого, бодитой үр дүн хүлээж байгаагаа уулзалтад оролцогчид илэрхийллээ.

Дугуй ширээний уулзалтын явцад Куба улсад Монгол Улсын элчин сайдаар ажиллаж байсан, олон улс судлаач Ц.Батбаярын бэлтгэсэн “Зүүн Хойд Азид энх тайван, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэхэд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг”, БНСУ-ын Чуннамын Үндэсний их сургуулийн Стратегийн хүрээлэнгийн захирал, доктор Жин Шиний “Нэгдмэл Солонгос бол Зүүн Хойд Азийн энхтайван, хөгжил дэвшлийн тулгын чулуу болох нь”, Даян дэлхийн энх тайвны сангийн ахлах судлаач Ли Ечиний “Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил ба Солонгосын нэгдлийг дэмжин бэхжүүлэхэд чиглэсэн стратегийн бодит алхмууд” сэдэвт үндсэн гурван илтгэлийг хэлэлцүүллээ.    

Түүнчлэн энх тайвныг тогтоох тухай НҮБ-ын 2030 оны зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Зүүн Хойд Азийн орнуудын залуу удирдагчид, Даян дэлхийн энх тайван, хөгжлийн төлөөх байгууллагуудын оролцоог дэмжих асуудлаар оролцогчид санал бодлоо солилцов.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ