Мьянмарт улс төрийн хоригдлуудыг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-11 15:58:30

БАНГКОК. /TASS/. Мьянмар улсын шинэ эрх баригчид сүүлийн өдрүүдэд өмнө нь улс төрийн шалтгаанаар хоригдож байсан бараг 200 хүнийг сулласан тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Мьянмарын Засгийн газрын сонин болох “The Global New Light of Myanmar”-т бичсэнээр бол, энэ сарын 8-нд 161 хоригдлыг сулласны дотор үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон хүмүүс, мөн өмнө нь улс төрийн ажиллагаанд оролцсон оюутнууд болон улс төрийн хөдөлгөөний идэвхтнүүд байгаа аж. Суллагдсан хүмүүсийн 36 нь эмэгтэйчүүд, хоёр нь хүүхэд байжээ.

Мьянмарын Засгийн газрын эх сурвалжийн мэдээллээс иш татан Синьхуа агентлагийн уламжилснаар, дөрөвдүгээр сарын 10-нд 199 хоригдлыг сулласан байна. Шоронгоос зөвхөн ялаа эдэлж буй хоригдлууд төдийгүй шүүх хурлаа хүлээж байгаа улс төрийн хөдөлгөөний идэвхтнүүдийг сулласан. Тэдэнд оноосон бүх ялыг хүчингүй болгосон байна.

Мьянмарын Ардчилсан хүчний удирдагч бөгөөд төрийн зөвлөх Ан Сан Су Чи улс төрийн бүх хоригдлыг суллана гэдгээ энэ сарын 7-нд мэдэгджээ. Түүний амласан ёсоор энэ долоо хоногийн дундуур тэмдэглэх Мьянмарын Шинэ жилийн баяр болох Тинжанаас өмнө өршөөл үзүүлэх аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ