Сурагчид тав тухтай орчинд амьдарч, цэвэр ус уух боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-01 11:22:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Асгат сумын ЕБС-ийн захирлын санаачилгаар Итали улсын “Азиа Монгол” төлөөлөгчийн газрын 227 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Асгат сумын ЕБС-ийн сурагчдын дотуур байр бүрэн засварт орж, сургуулийн болон дотуур байрны сурагчид эрүүл мэндийн чанарын шаардлага хангасан, цэвэр усаар хангагдах боломжтой болжээ. 

Сурагчдын дотуур байрыг нь 2008 онд 145 сая төгрөгөөр барьж байсан бөгөөд үүнээс хойш нэг ч удаа их засварт ороогүй байна. Дээвэр болон дотоод засал муудсан байжээ.

“Азиа Монгол” төлөөлөгчийн газар нь 2014 онд манай улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, тухайн ондоо тус аймгийн зарим суманд ажиллаж, яг ямар асуудал бэрхшээл хөдөө сумдад байгааг судалж эхэлсэн. Тухайн үед би сургуулийнхаа дотуур байр болоод ундны усны асуудлаар мэдээлэл хийж, дэмжлэг хүсч байсан юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл энэхүү байгууллагатай холбоо тогтоон, хамтарч эхэлсэн гэж болно. Улмаар өнгөрсөн онд тус газраас манай асуудлыг шийдвэрлэж өгөх боломжтой болсноо мэдэгдээд, 7 дугаар сараас засварыг албан ёсоор эхлүүлж, 170 сая төгрөгөөр дээвэр болон дотор заслын ажлыг бүрэн хийж хүлээлгэн өглөө. Харин ундны усны тухайд манай сургууль хашаандаа гүний худагтай. Гэвч тухайн худагны усанд магнийн агууламж өндөр гэсэн дүгнэлт гарсан тул бид усыг зөвхөн ахуйн хэрэглээнд ашиглаж, ундныхаа усыг худгаас зөөдөг байсан бол төслийн хүрээнд 57 сая төгрөгөөр сургуулийнхаа гал тогоог өргөтгөж, мөн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулан ашиглалтад оруулаад байна. Ингэснээр манай хүүхдүүд, багш ажилчид маань эрүүл цэвэр усаар хангагдах боломжтой боллоо. Энэ бол манай хамт олны олон жилийн хүсэл байсан. Үүрэгт ажлаа богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн "Солармед" компанийн хамт олонд талархал илэрхийлье гэж сургуулийн захирал М.Урантуяа хэллээ.

Итали улсын “Азиа Монгол” төлөөлөгчийн газар нь ийнхүү анх удаа Сүхбаатар аймагт төслөө амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид энэ чиглэлээр дахин хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа БСУГ-ын дарга, удирдлагуудад уламжлаад мөн зарим суманд өнгөрсөн наймдугаар сард дахин тандалт, судалгааг хийгээд буцсан байна.

 

Холбоотой мэдээ