Соёлын байгууллагууд давхардсан тоогоор 300 мянга гаруй иргэнд үйлчилдэг

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-27 20:37:22

Ховд /МОНЦАМЭ/. “Соёл, урлагийн ажилтны өдөр-2019” олон талт үйл ажиллагааг энэ сарын 27, 28-нд Ховд аймагт зохион байгуулж байна.

Соёл, урлагийн салбар байгууллагыг идэвхжүүлэх, ажилтнуудын нийгмийн хариуцлага, манлайллыг өргөжүүлэх, улмаар мэргэжлийн арга зүйг дээшлүүлэх, ур чадварыг тодруулан урамшуулахад энэхүү үйл ажиллагааны зорилго чиглэж байна.

Энэ утгаараа соёлын байгууллагын ажилтнуудад зориулан сургалт хийлээ. Сургалтын хүрээнд салбарын 2018, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, амжилт, ололт, бодлого, төлөвлөгөөг танилцуулсан. Мөн цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцов.

“Соёл, урлагийн ажилтны өдөр-2019” олон талт үйл ажиллагаанд  хөдөөгийн 16 сумын соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, номын санч нарын төлөөлөл 60 гаруй хүн оролцож байна.

Тэд соёлын төвийн номын санч, хөгжмийн багш нарын ур чадвар, илтгэлийн уралдаанд оролцох замаар авьяас, ур чадвараа хөгжүүлнэ. Улмаар цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхийг зорьж буй.    

Тус үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар, Монголын соёлын ажилтны “Хөгжлийн эрин” холбооны Ховд салбар хамтран ажиллаж байна.

Ховд  аймгийн Соёлын салбарын 19 байгууллагад нийт 200 гаруй  хүн ажилладаг.  Эдгээр байгууллагын хамт олон жилд дунджаар 1700 орчим үйл ажиллагаа зохион байгуулж, давхардсан тоогоор 300 мянга гаруй иргэнд соёлын үйлчилгээ үзүүлдэг аж.

2018-2019 онд улсын төсвийн нийт 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дуут, Дөргөн, Цэцэг суманд шинэ соёлын төвийн барилга барих зэрэг бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Мөн БСШУСЯ-ны дэмжлэг, “Олон үндэстэн ястны өв соёл” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 320 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумдын соёлын төвийн зарим тоног төхөөрөмжийн хүчин чадал, орчин нөхцөлийг сайжруулжээ.  

Холбоотой мэдээ