Монголын эмч нарт зориулан хүрэл хөшөө бүтээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-26 15:58:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэт хүний амь насыг  хамгаалах ажилд мэдлэг, оюун ур чадвараа зориулан ажилладаг эмч нарт зориулсан хүрэл хөшөөг АШУҮИС-ийн төв талбайд өнөөдөр босголоо.

77 жилийн тэртээгээс Монгол Улсад  дээд боловсролтой эмч, мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн АШУҮИС нь нийт 150 мянга гаруй эмч мэргэжилтэн бэлтгэжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд улсын болон хувийн анагаахын сургуулиудад  эмч мэргэжлээр 6500 орчим оюутан суралцаж байна.


Нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлэхдээ,Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө зүтгэж орчин цагийн анагаах ухаантай золгуулсан уламжлалтын эмч нар, улсынхаа хүн амыг 600 мянгаас 3.2 саяд хүрэхэд  үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, Монгол иргэн бүрийг  өвчин эмгэгээс  урьдчилан  сэргийлэх , эрүүл байлгах ариун үйлсэд  гар бие оролцон зүтгэж ирсэн, одоо зүтгэж буй үе үеийн эмч нарынхаа хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр ариун үйлсийг дээдлэн үэнэхүү хөшөөг  босголоо" хэмээв. Мөн тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 95 хувийг эмч мэргэжлээр бэлтгэн гаргадаг тус сургуулийн өмнө эмч нарт зориулсан анхны хөшөөг байрлуулж байгааг тодотгов.

Хөшөөний эх загварыг Төрийн соёрхолт, уран барималч Ц.Амгалан бүтээжээ. Ингэхдээ хэн нэгэн хүний дүр зургаар биш, эмч хүний энэрэнгүй сэтгэл, хичээнгүй байдал, ур чадварыг нь шингээн монгол эмэгтэйн дүрээр бүтээсэн байна. Эмчийг дээдэлдэг сайхан сэтгэлт иргэдийн хандиваар 89 сая төгрөгөөр босгожээ.


Уран барималч  Ц.Амгалан хэлэхдээ, “Хөшөөг АШУҮИС-ийн төв талбайд ургах наран зүгт харуулан байрлуулсан. Эмч нар ирээдүй рүү тэмүүлж, ард түмнээ эмчлэх ажилдаа улам зориг төгс ажиллана гэдэгт итгэж байна. Зүүн гартаа чагнуур, баруун гартаа хадаг, шонхрын толгой барьсан байдлаар бүтээсэн. Энэ бол уран бүтээлч бидний ирээдүй рүү илгээсэн мессэж юм” хэмээв.

Ташрамд дурдахад, тэрбээр 1979 онд Халх голын ялалтын 40 жилд зориулан "Монголын хилчин дайчдын хөшөө", 1984 онд зөвлөлтийн барималчидтай хамтран бүтээсэн 55 метр өндөр "Ялалт" зэс хөшөө, 1990 онд "Нууц товчооны 750 жилийн ойн гэрэлт хөшөө", Генерал Б.Доржийн хөшөө зэрэг 10 гаруй хөшөөг урлажээ


Холбоотой мэдээ