“Forever 21” Японы зах зээлээс гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-26 13:55:28

ТОКИО. /NHK/. АНУ-ын хувцас загвар, гоёл чимэглэл үйлдвэрлэгч “Forever 21” компани Япон дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа пүрэв гарагт мэдэгджээ. Мөн ирэх 10 дугаар сарын сүүл гэхэд Япон даяар байгуулсан 14 дэлгүүрээ хаах ажээ.


Forever 21” Япон даяарх борлуулалтын хэмжээ суларсантай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан бөгөөд тус улс дахь цахим дэлгүүрээ мөн хаахаар болжээ. Энэхүү гэнэтийн шийдвэрийн улмаас 700 гаруй хүн ажлын байргүй болоход хүрсэн байна.


АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод төвтэй “Forever 21” Японы зах зээлд 2009 онд нэвтэрч, анхны дэлгүүрээ Токио хотын Харажүкү дүүрэгт байгуулж байжээ. Уг брэндийн хямд бүтээгдэхүүнүүд залуу хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татсантай холбоотойгоор улс даяар нийт 22 дэлгүүр байгуулж байжээ.


Харин сүүлийн жилүүдэд өрсөлдөөн ширүүссэний улмаас “Forever 21” 2017 онд Харажүкү дэх дэлгүүрээ хаахаас өөр аргагүйд хүрчээ. АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Forever 21” санхүүгийн хүндрэлтэй тулгарсан ажээ. 

Холбоотой мэдээ