Хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-09-26 13:33:40

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах гэрээг энэ сарын 25-ны өдөр байгууллаа.

Тодруулбал, хүүхэд бүрийг хамгаалах ажиллагааг хүртээмжтэй үр дүнтэй байлгах, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх чиглэлээр талууд хамтарч ажиллах юм байна. 2019-2020 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажлыг тусгасан энэхүү гэрээнд аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаттай хамтран ажиллахаар Цогцолбор 1-р сургуулийн захирал Г.Цэрэндулам тэргүүтэй аймгийн төвийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн захирал болон Улаангом политехник коллежийн захирал Э.Балжинням нар гарын үсэг зуржээ. 

Тус гэрээг хамгийн сүүлд 2012 онд буюу 7 жилийн өмнө байгуулж байжээ. Гэрээ байгуулснаар хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллага болон боловсролын байгууллагын хүлээх үүрэг, хийх ажил, цаг хугацаа тодорхой болсон юм. Мөн энэхүү гэрээгээр дамжуулан сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдад хүрч ажиллах, нөлөөлөх боломжтой байна. 

Увс аймгийн хувьд хүүхэд хүчирхийлэлд өртөх, гэмт хэрэгт холбогдох зөрчил гарсаар байгаа юм.

Холбоотой мэдээ