Грета охины гал цогтой үгс ба эх дэлхийгээ аврах санаачилгууд

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-09-25 12:46:26

Нью-Йорк хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалт боллоо. Энэ уулзалт бол 2016 онд Парисын хэлэлцээр байгуулагдсанаас хойших хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ юм. Тус саммитын үеэр 16 настай швед охин Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцэл хийхгүй байгаа дэлхийн улс орнуудын удирдагчдыг буруутган шүүмжлэхдээ “та нарын хий хоосон яриа миний хүсэл мөрөөдөл, хүүхэд насыг хулгайллаа” гэж хоолой зангируулан хэлсэн нь хүмүүст нэгийг бодогдуулав бололтой.


Нөхцөл байдал үнэхээр түгшүүрийн харанга дэлдэхээр хэмжээнд хүрснийг Дэлхийн Цаг уурын байгууллагаас дээд хэмжээний уулзалтын өмнөхөн гаргасан Уур амьсгалын байдлын /2015-2019 он/ тухай илтгэлд анхааруулжээ. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар авсан үүрэг амлалтаа улс орнууд биелүүлэхгүй байгаагийн улмаас уур амьсгалын өөрчлөлт нь эрдэмтдийн тооцоолж байснаас илүү хурдацтай явагдаж байна. 


24 хуудас бүхий дээрх илтгэлийг боловсруулсан эрдэмтэд улс орнуудын удирдагчдад хандан дэлхийн дулаарлыг зогсоохын тулд маш ойрын хугацаанд тодорхой арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхийг уриалжээ.


Түгшүүрийн харанга


Сүүлийн 5 жил бол цаг уурын ажиглалт явуулж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн халуун жилүүд байжээ. Аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад сүүлийн 120 жилд агаарын дундаж хэм 1,1-ээр өссөн байна. Үүний улмаас ойн түймэр дэгдэх нь олширч, хар салхи, ган гачиг, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж ойртох боллоо. 


Хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн талбай сүүлийн 40 жилийн хугацаанд 10 жил тутамд 12 хувиар багасч байна. Үүний улмаас 1997-2006 онд далайн усны түвшин жил бүр 3 мм-ээр нэмэгдэж байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр 4 мм-ээр дээшилжээ. Түүнчлэн далайн усны хүчиллэг шинж чанар аж үйлдвэржилтийн эхэн үетэй харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн байна.


Парисын хэлэлцээрийг байгуулсан хэдий ч 2015-2019 онд агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг өмнөх 5 жилтэй харьцуулахад жил тутам 20 хувиар илүү байжээ. Хамгийн сүүлд хийсэн хэмжилтээр агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ 400 ppm /сая доль/ -ээс давсан нь 3-5 сая жилийн өмнөх түвшинд байна гэсэн үг. Тэр үед агаарын дундаж хэм одоогийнхоос 2-3 градусаар илүү байсан бөгөөд Гренланд ба Антарктидын баруун хэсгийн мөс бүрэн хайлж, далайн усны түвшин одоогийнхоос 10-20 м-ээр илүү байж.

Зөвхөн сүүлийн 20 жилийн хугацаанд гэхэд агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ 1,5 дахин илүү хурдтайгаар нэмэгдсэн байна. Тодорхой тоо дурдвал, 1985-1995 онд хийн хэмжээ дунджаар жилд 1,42 сая долиор өсч байсан бол 2005-2015 онд 2,06 сая долиор өсчээ. 


Үүний улмаас дэлхийн дулааралтай холбоотой үйл явцууд улам түргэсч байна. Далайн түвшин нэмэгдэж, Хойд мөсөн далай ба Антарктидын өвлийн мөсөн давхарга нимгэрч, Гренландын мөсөн уулууд хайлж, усны хүчиллэг чанар нэмэгдсээр. Зарим бүс нутагт унадаг хур тунадасны хэмжээ нэмэгдэж, зарим бүс нутагт илт багассанаар ган гачиг, үерийн гамшгийн давтамж нэмэгджээ.  Удаан хугацаагаар халж байгаа нь сүүлийн 5 жилд болсон хамгийн гамшигт үзэгдэл гэж тооцогдох болов. Хэт халалт нь Европ, Хойд Америкт ой түймэр дэгдэхэд хүргэж байна.


Ийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг маргааш шийдчихнэ гэж хойш тавьж огт болохгүй. Энэ бол Уур амьсгалын өөрчлөлтийг судлах олон улсын шинжээчдийн бүлгээс өнгөрсөн онд бэлтгэсэн тусгай илтгэл дэх дүгнэлт юм. Хэрвээ хугацаа алдваас 10-хан жилийн дараа буюу 2030 он гэхэд манай гарагийн экологийн тогтолцоонд нөхөж баршгүй хохирол учрах болно.  


2015 онд баталсан Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлахаар тохиролцсон билээ. Энэ бол дэлхий дээрх амьдралыг өнөөдрийн байдлаар нь хадгалан үлдэх цорын ганц арга мөн. Гэтэл өнөөдөр дээрх үзүүлэлт +3 хэм рүү дөхөж байна. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн амьдралын бүхий л салбарт суурь өөрчлөлт хийхээс аргагүйд хүрэх бөгөөд үүнд асар их хөрөнгө мөнгө шаардагдана гэдгийг илтгэлд дурдсан байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэдэн зуун шинжээчид дээрх илтгэлийг 3 жилийн хугацаанд бэлтгэн боловсруулсан бөгөөд ингэхдээ ямар ч нэмэлт судалгааны ажил хийгээгүй ба өмнө нь нийтлэгдсэн эрдэм шинжилгээний ажлуудыг судалсны үндсэн дээр дүгнэлтээ гаргасан байна. 


Өнөөдөр дэлхийн эдийн засаг бүхэлдээ нүүрс-устөрөгч /нефть, хий, нүүрс/ дээр тогтож, аж үйлдвэрийн гол салбарууд, хүмүүсийн өдөр тутмын амьдрал хамаарч байгаа билээ. Эрчим хүчний тогтолцоог бүрэн шинэчлэхэд асар их мөнгө буюу дэлхийн жилийн ДНБ-ий 2,5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө шаардлагатай. Энэ нь 20 жилийн хугацаанд жил бүр 2,4 их наяд долларыг /Франц улсын ДНБ-2,7 их наяд/ зөвхөн дэлхийн дулааралтай тэмцэхэд зарцуулах ёстой болж байна.  Их хэмжээний мөнгө зарцуулахын сацуу илүүдэл хүлэмжийн хийг агаар мандлаас шүүн авч, газар дор үүрд булах технологийг боловсруулах хэрэгтэй. 


Дэлхий даяар дулаарал болж байгаа нь бодит үнэн бөгөөд энэ нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтаас үүдэлтэй. 19-р зууны 2 дахь хагаст аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж эхэлснээс хойш хүмүүс бид эх дэлхийгээ цельсийн +1 хэмээр халаачихжээ. Ингэж халсны үр дагавар нь хэдэн зуун жил, тэр ч бүү хэл мянган жилийн дараа ч гэсэн мэдрэгдсээр байх болно гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Гэхдээ температурын өсөлтийг байж болох түвшинд барьж байх боломж бий.


Үүний тулд зөвхөн хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах нь хангалтгүй ажээ. 21 дүгээр зууны дунд үе /2050 он/ гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй бөгөөд энэ нь нүүрс, газрын тос, байгалийн хий гурваас бүрэн татгалзана гэсэн үг юм. Бүр тодруулж хэлбэл, дэлхийн эдийн засгийг бүхэлд нь өөр чиг голдрилд оруулах ёстой. Үүнээс үүдээд газар ашиглалт, хөдөө аж ахуй, хот байгуулалт, аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг эргэн харах зайлшгүй шаардлагатай болно.


Үүнтэй холбоотойгоор бидний амьдралд эрс өөрчлөлтүүд гарах ёстой. Мах, тос, бяслаг, сүү зэрэг малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ эрс багасгах, цахилгаан автомашинд шилжих, цахилгаанаар ажилладаг нисэх онгоц зохион бүтээх хүртэл агаарын тээврээр зорчихгүй байх гэх мэт олон зүйл бий. Гэтэл энэ бүхэн аж үйлдвэрийн салбар, ажил эрхлэлт, амьдралын түвшинд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь улстөрчдийн санааг зовоож байгаа учраас  эрс шийдэмгий хөдөлж чадахгүй байгаа нь үнэн. 

2050 году возобновляемые источники энергии должны о


Үүрэг амлалт, санаачилга буюу чуулга уулзалтын үр дүн 

 

Швед охин үнэн бодит байдлыг ил шууд хэлсний дараа улс орнуудын удирдагчид дэлхийн дулааралтай хийх тэмцэлд хойрго хандаж байснаа хүлээн зөвшөөрч, нэгийг бодож эхлэв бололтой. Учир нь, энэ удаагийн саммитын үеэр улс орнууд, дэлхийн тэргүүлэгч компаниуд эх дэлхийгээ аврахын тулд нэлээд дорвитой санаачилгууд гаргаж, тодорхой үүрэг амлалтууд авлаа.


Тухайлбал, 77 улс 2050 он гэхэд эдийн засгаа экологийн чиг баримжаатай болгож, зайлшгүй ялгарч буй хийг агаар мандлаас бүрэн цэвэрлэнэ гэсэн үүрэг амлалтыг авсан байна. 70 улс, тэдгээрийн дотор Хятад, Энэтхэг ба Европын Холбоо эрдэмтдийн өгсөн зөвлөмжийн үндсэн дээр экологийн бодлогоо дахин хянаж үзэхээ амлалаа. Тодруулбал, хүлэмжийн хийний 27 хувийг ялгаруулдаг Хятад улсын төлөөлөгчид хаягдлыг жил бүр 12 тэрбум тонноор багасгаж, хийг хамгийн багаар ялгаруулах замаар эдийн засгийнхаа өсөлтийг хангах арга замыг хайна гэдгээ амлажээ.


Европын Холбооны гишүүн орнууд тус холбооны төсвийн ¼-ийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулахаар боллоо. Парисын гэрээг биелүүлэхгүй байгаа ямар ч улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахгүй гэдгээ Франц улс мэдэгдсэн байна.


2014 оноос хойш 1 тэрбум мод тарьсан пакистанчууд дараагийн 5 жилд 10 тэрбум гаруй мод тарина гэдгээ амлалаа.


Ялгаруулж байгаагаасаа илүү хэмжээний хүлэмжийн хийг агаар мандлаас шүүн цэвэрлэдэг хамгийн анхны улс болох зорилтыг финландчууд тавьжээ.

Түүнээс гадна, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 0 болгоно гэдгээ дэлхийн 87 том корпорацийн удирдлага мэдэгдлээ. Тэдгээрийн дотор Burberry, Danone, Ericsson, Electrolux, IKEA, Nestlé гэсэн нэрс байгаа бөгөөд олон улсын хэмжээний Science Based Targets гэдэг санаачилгад одоогийн байдлаар 650 орчим компани нэгджээ. Түүнчлэн 2 их наяд гаруй долларыг захиран зарцуулдаг томоохон тэтгэврийн сангууд болон даатгалын компаниуд Asset Owner Alliance гэдэг бүлэгт нэгдсэн байна. Энэ бүлгийнхэн 2050 он гэхэд хүлэмжийн хийг агаар мандалд цацдаг компаниудаас хөрөнгө оруулалтаа буцаан татахаар шийдвэрлэжээ. Мөн Zero Carbon Buildings for All гэдэг олон улсын санаачилгын хүрээнд дэлхий дээрх бүх байшин барилгаас ялгарч буй хүлэмжийн хийн хаягдлыг 2050 он гэхэд 0 болгохоор зорьж байна.


НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үр дүнд байгалийн нөөцийг хамгаалах чиглэлд хэд хэдэн кампанит ажлыг өрнүүлэхээр тохиролцсон байна. Тэдгээрээс хамгийн өргөн хүрээтэй санаачилга бол Global Campaign for Nature бөгөөд 2030 он гэхэд манай гарагийн хуурай газар ба далай тэнгисийн нийт талбайн гуравны нэг орчмыг тусгай хамгаалалттай газар болгох зорилтыг тавьжээ.


Б.Адъяахүү    

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ