Дахин төлөвлөлтөөр энэ онд 3417 айлын орон сууц ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-25 12:01:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар, гэр хорооллыг дахин төлөвлөн баталгаажуулах төслийг хэлэлцэж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Оргил” төслийн хүрээнд 24 га газрын байршлыг баталлаа.

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, “Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн өмнөх төслүүдийн алдааг аль болох давтахгүй, иргэдийг хохироохгүй байх үүднээс тэдний саналыг авч, барилгын компаниудтай одоо хэрэгжих төслүүдийг нарийвчлан авч үзэж байна. Мөн НОСК-тай хамтран дахин төлөвлөлт дээр түрээсийн орон сууц барих талаар ажиллаж байна.

Мөн барилгын компаниудтай хамтарч бэлэн болсон орон сууцнуудын ашиглалтад анхааран ажиллаж байна” гэв. Одоо нийслэлд 3000 гаруй орон сууц бэлэн болоод байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр дэд бүтцийг шийдэх 192 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө болон нийслэлийн төсвөөс бүрдүүлэх боломжтойг тэрээр хэлж байв.

НИТХ-ын тогтоолоор нийслэлд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг батлаад байна. Нийт 1500 гаруй га газрыг хамарч буй дээрх байршил нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна.


Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1.712 нэгж талбарыг чөлөөлж, 7.2 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар 5 мянган айлын янданг цөөлж тэр хэмжээгээр агаарын бохирдлын эх үүсвэрийг байхгүй болгоод байна.

Төслийн хүрээнд, өнгөрсөн онд 2.017 айлын орон сууц ашиглалтад оруулсан бол энэ онд 3417 айлын орон сууц барихаар угсралтын ажлыг хийж байгааг Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг мэдээллээ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ