Йеменд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-11 11:06:24

САНА. /ВВС/. Йеменд өнөөдрөөс НҮБ-ын дэмжлэгтэйгээр гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд тус улсын Засгийн газрын цэргийн хүчнийхэн дагаж мөрдөхөө мэдэгдсэн байна. Засгийн газрын хүчнийг Саудын Араб тэргүүтэй эвсэл дэмжиж байгаа юм.

Түүнчлэн Йемений Засгийн газрыг огцруулахаар оролдож байгаа хусит босогчид /Ираны дэмжлэгийг хүлээсэн/ гал зогсоох тохиролцоог мөрдөн сахина гэдгээ мөн мэдэгджээ

Хоёр талын хооронд жил гаруй үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас хоёр сая гаруй хүн орон гэргүй болж, 6000 гаруй хүн амиа алджээ.

Мөргөлдөөнийг зогсоох асуудлаарх хэлэлцээ энэ сарын сүүлчээр Кувейтэд эхлэх ажээ.

"Арабын эвсэл Ерөнхийлөгч Абдрабухх Мансур Хадигийн хүсэлтийн дагуу гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөнө. Гэхдээ босогчид ямар нэг халдлага үйлдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах эрхээ эдэлнэ" гэж тус эвслийн мэдэгдэлд дурджээ.

Харин хусит босогчдын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “манай цэргийн хүч рүү халдсан тохиолдолд хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ