БНАСАУ-ыг дээд хэмжээний уулзалтын хэлэлцээрийг зөрчөөгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-24 10:25:53

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ дээд хэмжээний уулзалтын хэлэлцээрийг мөрдөж байгаа боловч тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг сулруулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Интэй уулзах үеэрээ мэдэгджээ. 


Даваа гарагт Нью-Йорк хотноо болсон уулзалтын үеэр Д.Трамп БНАСАУ-тай таатай харилцаатай гэдгээ дахин тэмдэглээд, Пёньяны эсрэг арга хэмжээ авах шаардлага, шалтгаан байхгүй хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр хориг арга хэмжээг сулруулахгүй боловч чангатгахгүй гэж нэмж хэлжээ.


БНАСАУ-ын сүүлийн саруудад явуулсан туршилтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, бид ойрын зайн тусгалт баллистик пуужингийн талаар хэлэлцээр байгуулаагүй хэмээгээд, олон хүн, олон орон ойрын зайн баллистик пуужин туршдаг тул ноцтой зүйл биш гэжээ.


Түүнээс Ким Жөн Унтай дахин уулзах боломжтой эсэх талаар асуухад, уг уулзалтыг олон хүн тэсэн ядан хүлээж байгаа, ирээдүйд юу болохыг би ч гэсэн мэдэхийг хүсэж байна гэж хариулсан байна.


Трамп, Ким нар өнгөрсөн онд Сингапурт, энэ оны эхээр Ханой хотод, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Панмүнжом тосгонд уулзсан билээ. 


Мүн Жэ Ин Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцад АНУ-ын Ерөнхийлөгч ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцолсон байна. АНУ, БНАСАУ-ын ажлын түвшний төлөөлөгчид удахгүй уулзаж, хоёр орны удирдагчдын гурав дахь дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэнэ хэмээн найдаж буйгаа БНСУ-ын Ерөнхийлөгч илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ