Ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30-31-нд товлох боломжтой хэмээн үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, тогтоолын төсөл боловсруулах ажлын баг өнөөдөр хуралдав.
Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан удирдлаа. УИХ-ын гишүүд энэ сарын 23-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллаж, ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажил хийж байгааг хурал даргалагч дурдлаа. Мөн ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах ажлын ерөнхий төлөвлөгөөний төсөл бэлэн болсныг онцолсон юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар иргэдээс санал авах өдрийг ирэх сарын 30-31 байж болно гэж үзсэн. Ард нийтийн санал асуулга явуулах төсвийн хувьд, Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэж байгаа юм байна.
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай. Тиймээс ажлын баг өнөөдрийн хуралдаанаа хойшлуулж, хоригийг хүлээн авах эсэхийг УИХ эцэслэн шийдвэрлэсний дараа дахин хуралдахаар товлов.