Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллаж байна.
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт томилолтоор ажиллаж байна.
Тэрбээр томилолтынхоо эхэнд Булган аймгийн иргэдтэй уулзсан бөгөөд Засгийн газраас баримталж буй бодлого, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл өглөө.
Иргэд хүнс, газрын тос, цахилгаанаа дотоодоосоо хангаж, боловсруулах үйлдвэр байгуулах бодлогыг дэмиж буйгаа илэрхийллээ. Мөн хууль бус уурхайнуудын ажлыг зогсоож, цэгцлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох бодлого баримталж буйг дэмжиж байв. Цаашид ажлын байр бий болгох, цалин, тэтгэвэр нэмэхэд анхаарч ажиллахыг мөн шаардсан юм.
Засгийн газраас 2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэхээр төлөвлөж байгаа юм. Түүнчлэн Татварын багц хуулийн хүрээнд үйлдвэрүүдийг дэмжин ажилласнаар, ажлын байр бий болно хэмээн тооцож буйгаа Ерөнхий сайд онцоллоо.