"Эрдэнэт үйлдвэр" улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 21-22-нд Орхон аймагт томилолтоор ажиллав.
Тэрээр томилолтынхоо эхэнд, Эрдэнэт хотод хэрэгжүүлж буй Орон сууцны 1А хорооллын төслийн явц, “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн ажилтай танилцлаа. Тус паркийг сургалт, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 2017 онд байгуулсан бөгөөд гагнуурын электрод, хүнд элементийн сорилтын лаборатори, бизнес хөгжлийн төв, дөрвөн улирлын хүлэмж зэрэг 33 үйлдвэрлэл, үйлчилгээ ажиллуулж байна. Ингэснээр орон нутагт ажлын байр бий болох, татварын болон бусад орлого өсөх зэрэг дэвшил гарч байна. Цаашид цогцолбор болгон өргөжүүлж, техник, технологийн дэвшилд тулгуурлаж импорт орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьжээ. Үйлдвэрлэл эрхлэгч нар өнгөрсөн онд 140 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
Ерөнхий сайд дараа нь 500 орчим ажилтантай “Бэрэн” металл гангын үйлдвэрээр орлоо. Тус үйлдвэр ган төмөрлөгийг байгалийн хүдрээс боловсруулан жилд 200 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал арматур төмрийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, жилд 40 мянган айлын орон сууцны арматурын төмөр үйлдвэрлэх боломжтой юм.
Ерөнхий сайд мөн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилтай танилцав. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний 102 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Оны эхний найман сарын байдлаар төлөвлөгөөт зорилтуудаа 100 хувь биелүүлсэн байна. Мөн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг оруулсан, оны эцэс гэхэд 790 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвтэй байгаа юм. Бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэхээр 2019 оныг хөрөнгө оруулалтын жил болгосон байна. Энэ хүрээнд ордын нөөцийг нэмэх, ил уурхайд мөчлөг урсгалт технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, нуруулдан уусгалт, зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөл хэрэгжүүлэх юм.
Орхон аймагт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбогенератороор өргөтгөх төслийг ирэх онд хүлээлгэн өгнө. Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангахыг зорьж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд ажлаа хугацаанд нь чанартай хийхийг хүсэв.