Ээж

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2019-09-23 13:16:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Хэзээ ер нь би юм бичихдээ гарчиг түрүүлж өгөх тухай бодож байснаа санахгүй юм. Аливаа нийтлэл, тэмдэглэл, шүүмж зэргийг бичиж дууссаны сүүлд титэм тавих мэт эсвэл хүүдээ нэр өгөх гэж буй аятай их л нямбайхан гарчиг бичиж орхидог. Гэтэл энэ удаад өөр байв. Гэхдээ өөр байгаа учраас тэр үү, өөрөө ч мэдэлгүй хүчилсэн болоод тэр үү юу ч орж ирсэнгүй, толгойд минь. Заримдаа хэт гоёчихсон хиймэл болоод нэгэн үест хуучирсан үнэр ханхийна. Үгнээс үнэр гардаг ажээ. Тэгээд зүгээр л "ээж" гэлээ. Өвдөхөөрөө, буруу хэрэг хийхээрээ аяархан хэлдэг, уйлахаараа, уурлахаараа хашгирч дуудаг "ээж" хэмээх үг.

***

Манай ээж багадаа тухайн үед хэн хүссэн нь авдаггүй таван онцын эзэмшигч байв. Өөрөө номын санч мэргэжилтэй. Басхүү сум, аймгийнхаа чуулгад дуучин, ятгачин хийж байсан хүн. Уран зохиолын номыг надаас ч шуурхай уншчихдаг. Багад минь олон сайхан үлгэрийн ном уншуулж, шинийг цааргалалгүй авч өгдөг байв. Харин хоёр өвөө маань хоёул нутаг усныхандаа хүндлэгдсэн адуучин хүмүүс.

 Аав минь угаас адуунд хайртай учир хадам аавыгаа дагаж морь танихдаа сайн, адуунд эрэмгий хүү болж өссөн. Батсүх өвөө заримдаа дөрөө нийлүүлэн алхаж явснаа аавын морины хондлой руу уурганы бөгсөөрөө хатгаж орхидог байсан гэж байгаа. Санаандгүй явтал морь нь огло харайхад аав унаж хоцордог байж. Одоо бол гар хөл нь бэртэж, толгой тархи нь доргихоос өгсүүлээд олон юм болно доо. Харин өвөө "эмнэг адуу унавал яана даа" гэж хэлээд мушийснаа явчихдаг байсан гэж байгаа. Зарим талаар хэтэрхий хатуу ч гэмээр энэ л араншин аавыг минь МУ-ын "Эмнэг хангал сургалтын Спортын мастер" болгосон биз ээ. Нүүдэлчид угаас л хатуу байгалийн шалгуурыг давж, хатуу бүхэнтэй эс хүссэн ч нүүр тулж ирсэн хүмүүс.


Аав нэг өдөр сумын төвийнхөө цахилгаан холбооны даргатай ам мурийснаа тэр чигтээ адуу маллахаар зориг шулуудаж хөдөө талыг зорижээ. Эс хүсэвч өөрийнхөө, мөрөөдлийнхөө төлөө зориглож хүлээн зөвшөөрч болохгүй худлын эсрэг хатуу зогссон үнэн шийдвэр нь тэр байсан юм. Сумын төв ч ялгаагүй хэдэн тоосгон байшин, шонгийн модноос өөр гоёлгүй байсан цаг. Тиймдээ ч өвлийн шуурга, зуны хүйтэн борооноор гэрлийн шон өөд авирч сууснаас хурдах морь уях нь хавь илүү гэдгийг ямар ч адуучин аавын хүү ойлгоно. Би " Айлийн сайхан охиныг авч суучихаад мал малла гэхгүй, чи минь өөрөө мэднэ биз" гэж ээжид хэлсэн гэдэг. Харин ээж нэг ч үг дуугаралгүй сууснаа араас нь дагаж очжээ.


Хэнтий аймгийн Батноров сумын тал нутагт таван ханат цагаан өргөө ингэж нэгээр нэмэгдэв. Ээж ч мал маллахад дургүй байсангүй, хайр сэтгэлийнхээ төлөө, өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж том эгч нарынхаа үгийг ч сонссонгүй. Хэзээ нэгтээ эргэж буцахгүй хэмээн гаргасан шийдвэр дээрээ бат зогсч, аавтай хувь тавилангаа холбосон нь энэ.


***


Ээж минь анх надад хүрэн өнгийн даалимбан дээл урлаж өгөв. Ухаан орохоос минь өмнө хэчнээнийг урлаж, хэдэн шөнө нойргүй хоносныг аав, эгч хоёр ч үл мэдэх биз ээ. "Миний хань амар даа" гээд аавыг хэлэхэд "Одоо ганцхан шилбэ үлдчихсэн" гэж хэлээд оёдлоо үргэлжлүүлдэг байсан тухай аав хожим дурсаж билээ. Одоо ч ээжийн тэр зан нь хэвээрээ. Цагаан сар дөхөөд ирэхээр бүх л хүн сайхан дээлээр гангарч, сайн хүнээр урлуулахыг бодно. Ээж эртнээс захиалганд дарагддаг байсан бөгөөд ажил нь шинийн нэгний өглөө хүртэл үргэлжилнэ. Эгч бид хоёр гэтэл өдий том болчихсон хэрнээ л гэрээ цэгцэлж, цэвэрлэх асуудал дээр ээжийг байхгүй л бол хийж чадахгүй. Уг нь хийчихнэ л дээ. Гэвч ээжээс л асуухгүй бол бүтэхгүй юм шиг, ээж хэлж ярьж зөвлөхгүй бол гэр гоё цэвэрхэн болохгүй мэт мэдрэгдээд болж өгдөггүй юм. Ялангуяа ээж дэргэд байвал үргэлж асууна. Угаас бидэнд ээжийн л зөв, ээж л баатар, ээж л эмч, ээж бүхнийг чаддаг, мэддэг санагддаг. Үлгэрийн номон дээр гардаг эмгэний шидэт савааг ээж аваад халаасалчихсан юм шиг л багад бодогддог байж дээ.


Манай ээжийн том эгч Б.Хатантөмөрийн нөхөр болох Ө.Ганболд ах маань аавын цээж хэмээх ногоон кабинтай ачааны машинтай байж билээ. Нэг орой манайд ирээд ээжийн дүүгийнд очихоор болоход нь би ах нартайгаа нийлж тэвшин дээр нь гарчихаад бууж өгөхгүй байсаар яваад өгөв өө. |Ээжийн дүүгийнх манайх хоорондоо 18 км - ийн зөрөөтэй| Өглөө эртлэн босоод гартал аав Хүнхэлдэйн арын энгэрээс адуугаа татаж явахтай нь таарав. "Ааваа" гээд л дэгдэж хүрэв. Аав минь мориноосоо бууж үнэрлэчихээд "Орой машинтайгаа буцаад хүргүүлчих" гэхэд нь "Үгүй ээ, та намайг сундлаад яв, ээжийг бас санаад байна" гэж билээ. Аав адуугаа ч хурааж чадалгүй намайг дүүрээд 18 километр замын турш зугуухан сажлуулсаар харьж билээ. Эрхлэх, уйлах, дүрсгүйтэх, жаахан зэмлүүлвэл уруулаа унжуулдаг, аргадах тоолонд нь уйлах зэрэг л хамгийн сайн чаддаг ажил минь байв. Зөрүүд, өөрийнхөө занг минь ээж аав хорьж цагдалгүй арга эвийг нь олоод юмны буруу зөрүүг ойлгуулдаг байсан болохоор л би чөлөөтэй сэтгэж чаддаг болж өссөн.


Гэрт ойртох үед ээж, эгч хоёр нохойн дуунаар үүдэн дээр гараад ирчихсэн зогсож байлаа. "Тэр хэн бэ?" гээд аав зааж байна. "Ээжээ" гээд л эмээл дээрээ хоёр тийш найган эрхлэх аядаж чангаар ориллоо. Ээж инээгээд л "Аавыгаа дээрэлхээд хүрээд ирсэн үү" гэж хэлээд хүүгээ тэвэрч буулгаснаа үнсч билээ. Би тэр үед аавынхаа урд сундалдчихсан хүүгээ хараад инээмсэглэж буй ээжийн дүрийг тодхон санадаг. Санах бүрийд л ээжийн минь залуу нас, гоо үзэсгэлэн, хайр нь сэтгэл дүүргээд ирдэг. Нээрэн би тэр үед анх урлаж өгсөн хүрэн дээлийг нь өмсч явсан билээ.


***


Сургуульд оров. Хөдөөний ямар ч хүүхэд үүнд дуртай байсангүй. Миний сониуч зан л ширээний ард томоотой суулгаж байлаа. Харин багш "Том А" гэж дуудах төдийхнөөс урам хугарсан бөгөөд дүрсгүйтэх тийшээ хандсан юм. Учир нь хэдийн уншиж сурсан байсан бөгөөд цагаан толгойн үсэг нүдлэх уйтгартай хичээлүүдийг дурсгүйтэж өнгөрөөдөг байв. Ихэнхидээ хамгийн их үймүүлсэн гэх шалтгаанаар гань ганцаар ангид хоцрох, ах, эгчийн нэгийг эргэж ирж авахыг хүлээн тэвчээр зааж суудаг байв. Энэ бүгдэд ээжийн урам хугарна. Гэхдээ намайг онцгой хүүхэд болно гэж ээж минь итгэдэг байсан. "Чи уншиж чадна, чи л хамгийн гоё зурна" гэх мөртлөө хийсэн бүтээснийг минь ах, эгч нар айл саахалтынханд гайхуулна. Гэвч тэднээс ямар ч магтаал ирдэггүй байж. Би зурах, бичих дуртай байсан. Гэтэл ах, эгч нар бичсэн шүлгийг минь аль нэг номноос хуулсан гэх буюу зурсан бүтээлийг минь хараагүй байхад цонхонд хордуулчихаж гэж шүүмжилнэ. Тэгсэн мөртлөө " Харж бай, би нүдэн дээр чинь зураад өгөе" гэхэд анхааралтай ажиглах хүн байдаггүй байв.


Харин ээж минь л үүнийг мэдэх бөгөөд аав намайг мундаг зураач гэж бахаддаг байлаа. Өөр нэг баярт үйл явдал бий. Нэг өдөр ээжийн том эгч Б.Хатантөмөр намайг дуудаж "Бичсэн шүлгүүдээ аваад ир" гэв. Анхааралтай уншиж дуусаад "Мундаг" гэсэн ганцхан үг хэлж билээ. Б.Хатантөмөр эгч багш байсан учир хүүхэдтэй хэрхэн харьцах, урамшуулахыг мэддэг байсан байж магад.


Ээж намайг ном уншиж суухад аахар шаахар ажилд зарахаа больж, болж өгвөл чимээ гаргахгүйг хичээнэ. Хааяа " Аав чинь гаднаас дуудаад байх шиг байна" гэж аяархан хэлнэ. Би гарч морь малны ажлаа дуусгачихаад ээжийг юм оёж суухтай зэрэгцэн лааны гэрэлд үлгэрийн номоо барин сууна. Ихэнхдээ унтаж орхих бөгөөд аав намайг өргөж орон дээр гаргах, ээж хувцсыг минь тайлж хөнжилд оруулахыг бүүр түүрхэн мэдэрч нэг л мэдэхэд ургах нартай золгодог байв.


Уншиж сурахын хэрээр би өөртөө цоо шинэ зүйлсийг нээнэ. Нэг удаа марк цуглуулдаг хүний тухай уншив. Орой нь саахалтын охин надад маркны цуглуулгаа харуулж мянган төгрөгөөр зарна гэлээ. Тухайн үедээ их мөнгө. Би сумын төвд дээр дурдсан ээжийн эгчийнд суудаг байлаа. Эгчид энэ тухай хэлж барахгүйгээр үл барам анх удаа өөрийн дураар мянган төгрөг хулгайлсан юм. Орой нь хэргээ хүлээж суран тэлээгээр хэд сайн ороолгуулж авсан бөгөөд харин улаан хавтас дүүрэн өнөөх эртний маркнууд одоо ч надад бий. Аав ээж хоёр мөнгө хулгайлсан гэдгийг минь сонсоод ихэд шаналсан байж билээ. Би эгчийн суран тэлээний амтнаас болоод ийм муухай ажил дахин хийхгүй гэдгээ хэлсэн бөгөөд аав ээж хоёрт "мундаг хүүгийн ёсоор амлаж байна" гэлээ. Тэгэхэд ээж минь зөөлөн инээмсэглэснээ "Мундаг хүүхэдтэй байх амар юм" гэснийг нь одоо ч мартдаггүй.


Сургуульд сурна гэдэг надад огт сайхан санагддаггүй байлаа. Би хөдөө гэртээ л хурдан харихыг, ээждээ эрхэлж, аавыг дагаж морьтойгоо давхих юмсан гэж л хүсдэг байв. Гэхдээ шинэ ном унших л хамгийн сонирхолтой нь байсан тул, басхүү ээж минь намайг "өшөө мундаг болно" гэж үргэлж хэлдэг учраас л амьдралыг бодитоор харуулж, хүүхдийн цэвэр тунгалаг төсөөллийн ертөнцийг минь алгуурхнаар үгүй хийж орхисон өнөөх газарт дасах хэрэг гарсан даа.

 Хөдөөний ажил мундахгүй. Гэвч сургууль дээр болох урлагийн үзлэг, тэмцээн уралдаан болох бүрт ээж ирчихсэн инээмсэглэж зогсдог байлаа. Би уран уншлагын тэмцээн, жүжигчилсэн тоглолт гээд л бүхий л зүйлд гагцхүү ээжийгээ баярлуулахын тулд л мэрийж байв. Гэртээ бол бяцхан тоглолт хийж, хоосон гараа атган микрофон болгож байгаад мэддэг бүхнээ дуулж өгнө. Гэтэл энэ зуршлаас болж нэг удаа тайзан дээр микрофонгүй гараа атгаж дуулаад зрителд суугаа хүмүүсийг нирхийтэл инээлгэсэн түүх ч бий. Ээж харин юу ч дуугарсангүй. "Та надад гомдчихсон уу" гэж асуухад "Үгүй ээ, хөөрхөн байсан" гээд үнсч билээ. Түүнээс хойш ээжийгээ гомдоохгүй гэж амласан өөртөө бөгөөд гэрт хийдэг бяцхан тайлан тоглолтоо цуцалж орхисон юм. Ээжийг гомдоочихвол, ээж надад уурлаад явчихвал би яах вэ? Анх удаа энэ асуулттай нүүр тулахад айдаснаас өөр ямар ч хариулт байгаагүй бөгөөд хэн нэгнээс асууж ч зүрхлээгүй юм даа.


***


Ээж дуншиж, маргааш өглөөний үүрийн туяа гийхтэй зэрэгцэн би төржээ. Улаан нялзрай намайг энгэртээ тэвэрч байхдаа ээжийн нүд нулимстай байсан биз. Бүх л ээжийн нүдэнд усан дусал бөмбөрч байсан нь мэдээж. Өмнө нь төрсөн зарим охид нь бүтээгүй бөгөөд тэд минь ганц л охинтой байв. Гэтэл Балдорж хэмээх айлд хүү мэндэллээ. Энэ мэдээ аймгийн төвөөс 100 гаруй киломер газарт суугаа аавын чихэнд яаж ийгээд хүрэв. "Аав нь хүү төрлөө гэж сонсоод ихэд баярлаж билээ. Чам шиг үг холбодог бол их сайхан шүлэг бичих байх. Гэхдээ аав нь эрдэмд дөргүй хүн. Тэр өдөр адуугаа хурааж хоёр сайн морь бариад Өндөрхаан руу шуудхан л давхичихсан" гээд хожим ярьж суув. Ээж яриан дундуур нь орж ирээд "Үдийн хойно гарсан аав чинь оройн нар хүүшилж амжаагүй байхад ирчихсэн байж билээ" гээд зөөлөн инээмсэглэнэ. Манайхан оройн хоолны үеэр энэ бүхнийг ярьж суудаг байсан гэвэл хамаатнуудаас маань итгэх хүн цөөхөн. Гэр бүлийнхээ энэ л уур амьсгалд хачин их хайртай байлаа.


Одоо зарим үед ээж минь надад хоолны дээжээ аялгаж өгчихөөд эгч, бид хоёрыг чимээгүй суугаад байвал аавын зураг руу хааяахан ширтэж санаа алдах нь анзаарагддаг. Тэрхэн мөчид л би шуудхан түрүүлж дуугараад аль болох хөгжилтэй түүх ярихыг хичээнэ. Тэр нь үргэлж бага насных бөгөөд ээжтэй минь л дандаа холбогдчихсон түүхүүд байдагсан.


Манай гэрийн өөр нэг аз жаргал бол наадам. Сумын наадам гэлтгүй өөр бүс нутгийн наадмуудад аав минь хурдан морио сойдог байлаа. Замын туршид бидний хувцас хунар, майхан сав, идэж уух бүхнийг ээж хариуцна. Морь уях ажлын ард буй "жинхэнэ баатар" нь ээж. Шинэхэн ногоон дээр майхан барьчихсан, урд нь гурван чулуу тавиад тогоондоо ус дүүргэн ээж минь хоолоо хийнэ. Туслах тогооч нь мэдээж эгч. Хоол бэлэн болоход ээж аавд аягалан хоёр гардаж барих бөгөөд надад ч бас үргэлж яг адилхан байдлаар өгдөг байв. Тэр тоолонд би өөрийгөө аав шигээ том эр гэж сэтгэнэ.


Ээж ааваас дутуугүй морины уяа сойлго анзаарч мэдэх бөгөөд аавтай энэ тухай ярилцах, завсраар нь хүүгээ хэчнээн сэргэлэн унаач болохыг магтахаа мартахгүй. Би ч өөртөө их л додигор амьтан борцтой шөлөө амтархан идэж сууна. Хөдөө талд галын гэрэлд гэр бүлээрээ борцтой шөл ууж, эргэн тойронд морьд өвс ширхийн зулгаахыг сонсч, галын үл мэдэг утаа заадас даган ярайх ододтой хэрхэн уусаж буйг төсөөлөн бодохын сайхныг би хангалттай мэднэ. Харин би эрдэм номын мөр хөөж хотод суурьшсан болохоор манайд морь уях хүн одоо үгүй. Аавын амьд сэрүүн ахуйд үргэлж болж асан энэ сайхан үдэш, олон олон зуны наадмуудыг ээж үгүйлэн суудаг биз ээ. Гэвч ээж энэ тухай надад нэг ч удаа дурсдаггүй бөгөөд ажил төрөл, үйл хөдлөл, миний сонголтонд огтхон ч эргэлздэггүй.


Намайг " Хөдөө гар, аавынхаа ажлыг үргэлжүүлж морь уя" гэж хэлэх нь бүү хэл хүмүүс тиймэрхүү зүйл асуухад дурамжхан харна. Өөрт итгэж, өөрийн минь сонголтыг зуун хувь хүлээн зөвшөөрч, эрх чөлөөг олгож, эр зориг, үг үйлдэл, эрхэм чанар, энэ бие бүгдийг нь ээж л бүтээж өгсөн. Би гайхамшигтай зүйлсийг бүтээж болно. Мэдээж төгс биш л дээ. Ямар ч хэлбэртэй байж болох тэр бүтээлийг туурвисан жинхэнэ эзэн нь ээж л байх билээ.

Холбоотой мэдээ