Эрдэнэдалай сум бог малаа угаалгад бүрэн хамруулах боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-19 16:11:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хоёр багийн нутаг дэвсгэрт “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр мал угаалгын банн шинээр барьж, ашиглалтад орууллаа.

Тус сумын гуравдугаар багийн нутаг "Мөргүй", 6-р багийн нутаг "Гэр чулуун" хэмээх газруудад мал угаалгын банныг шинээр барьснаар тус сум нийт малаа 100 хувь угаалгад хамруулах боломжтой болж байгаа ажээ.

Банн барих ажлыг "Тааны амт" ХХК гүйцэтгэсэн бөгөөд Сумын Засаг даргын захирамжаар байгуулсан комисс хүлээн авчээ. Банн тус бүртээ 9 м урттай 1м 30 см-ын өндөртэй, нэг удаад 400-500 толгой мал угаах хүчин чадалтай юм.

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015, 2017 онд гурван банн барьж, ашигладаг байсан нь сумынхаа нийт малыг эрүүлжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүрэлцдэггүй байсан ажээ.

Эрдэнэдалай сум 2018 оны эцсээр 260 963 хонь, 245 710 ямаа тоолуулсан бөгөөд 500 гаруй мянган богтой, хамгийн олон малтай сум юм.  

Холбоотой мэдээ