“Эх оронч худалдан авалт” өдөрлөгт 40-өөд компани оролцов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-19 15:37:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эх оронч худалдан авалт” өдөрлөг, үзэсгэлэн худалдааг өнөөдөр МҮХАҮТ, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран МҮХАҮТ-ын Их танхимд зохион байууллаа.

Өдөрлөгийг Засгийн газраас зарласан “Эх оронч худалдан авалтын жил”-ийн хүрээнд зохион байгуулж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан тодотгож байв.

Өдөрлөгт Багануур, Шивээ овоогийн уурхай, “Эрднэс Метан”, “Эрдэнэс Алт ресурс”, “Мон-Атом” зэрэг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин болон хараат 11 компани, нөгөө талаас МҮХАҮТ-ын гишүүн 30-аад ААН оролцож хоорондоо бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн хангаж нийлүүлж ажиллах талаар ярилцан үйл ажиллагаагаа танилцууллаа.




Тухайлбал энд, Танхимын гишүүн ААН-үүдээс “Альфа филтер”, “Дархан нэхий”, “Дархан минж”, “Акума Эрин”, гутлын “Хос Аз”, “Бест шүес”, “Тайгын шим”, оёдлын “Нэмүү өртгийн үйлдвэр”, маскны “Мөнхийн цагаан жим”, хөргөлтийн системийн “Сэрүүн”, импортын багаж хэрэгслийн “Ухаасар” зэрэг компаниуд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ханган нийлүүлж болох тоног төхөөрөмжөөс эхлээд ажлын хувцас, бээлий, гутал, багаж хэрэгсэл зэрэг дотооддоо хийж буй болон импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүнүүдээ дэлгэн оролцов.


Энэ талаар МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Б.Эрдэнэбат, “Өнөөдөр манай Танхимын гишүүн компаниуд нийт 115 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Цаашлаад бид “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” болон “Тавантолгой” зэрэг уул уурхайн томоохон компаниудад зориулсан ханган нийлүүлэгчдийн худалдан авалтын өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгээд байна. Өнөөдрийн өдөрлөг олон ААН-д цаашид уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болох эхлэлийг тавилаа” хэмээн онцолж байв.


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан, “Бид “Эх оронч худалдан авалт”-ын хүрээнд уул уурхайн компаниудыг бусад ханган нийлүүлэгч ААН-үүдтэй холбож байна. Дотоодын үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг дэмжин хамтран ажиллахаар боллоо. Ганц энэ жилээр зогсохгүй цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.

Тэрээр, "Эрдэнэс Монгол" ХХК стратегийн орд газруудад төрийн төлөөллийг  хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүч үйлдвэрлэх зэрэг томоохон төслүүдийг эхлүүлээд байна" гэв. 






Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ