Арабын Нэгдсэн Эмират Улсын санхүүжилтээр цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-19 13:42:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын нэгдүгээр баг буюу Данзанваанчиг-17, Аюушийн тав, зургадугаар хэсэгт шинэ цэцэрлэг байгуулахаар шав тавилаа.

Аймгийн ЗДТГ болон Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас Сайншанд суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг байгуулж өгөхөөр тохиролцсон аж.

Цэцэрлэгийн шав тавих ажиллагаа есдүгээр сарын 18-нд болж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон гүйцэтгэгч компани, иргэдийн төлөөлөл оролцов.

Сумын нэгдүгээр багийн Данзанваанчиг-17, Аюушийн тав, зургадугаар хэсэгт сургуулийн өмнөх боловсролын хүртээмж бага төдийгүй энэ хэсгийн хүүхдүүд холоос цэцэрлэгт явдаг аж. Барилга угсралтын ажлыг "АТТА ЧР" ХХК гүйцэтгэж 2020 оны зургадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө.


Холбоотой мэдээ