“Ойрад судлал” олон улсын эрдэм шинжилгээний VII бага хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Ойрад судлал” олон улсын эрдэм шинжилгээний VII бага хурал Ховд аймагт болов. Тус хурлыг Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын мэндэлсний 420 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой.
Ховд их сургуулийг
2017-2024 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд ойрад судлал, тэр дундаа ойрадын
хэл аялгуу, аман зохиол, түүх, угсаатны
зүй, эх бичвэрийн судалгааны чиглэл тусгасан байдаг.
Энэ чиглэлд Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын нийгэм, шашин, соёлын үйл ажиллагаа, түүний зохиосон тод үсэг
чухал байр суурь эзэлдэг аж.
Тиймээс энэхүү хурлыг Ховд их сургуулийн НХУС-ийн хамт олон санаачлан зохион байгуулжээ.
Хурлын хүрээнд XVII зууны
соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын нийгэм, шашин, соёлын
хөгжилд оруулсан хувь нэмэр, Ойрад Монголчуудын утга зохиолын түүх, судалгаа шинжилгээний бүтээл, тод бичгийн дурсгалын онцлог, үр дүнгийн талаар 20 гаруй илтгэл хэлэлцэв.
“Ойрад судлал” олон
улсын эрдэм шинжилгээний VII бага хуралд ОХУ-ын Халимагийн их сургууль,
БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэстний их сургууль, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн
Хэл зохиолын хүрээлэн зэрэг 10 гаруй шинжлэх
ухааны байгууллагын 30 орчим эрдэм судлаач
болон Ховд их сургуулийн багш, оюутны төлөөлөл оролцов.
Энэ удаагийн хурлын үр дүнд олон улсын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа өргөжих, харилцан санал бодлоо солилцох, судалгааны арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх боломж бүрдсэн. Мөн Зая бандида Намхайжамцын намтар, түүхэн гавьяа зүтгэлийг нарийвчлан тодруулах, сүүлийн үеийн судалгааны үр дүнг нэгтгэх, цаашдын судалгааны чиг хандлагыг тодруулахад чухал ач холбогдолтой гэж албаныхан хэллээ.
Монгол угсаатан,
тэр дундаа ойрадын ард түмний дундаас төрсөн XVII зууны нэрт хүн бол Зая бандида Намхайжамц юм.
Зая бандида Намхайжамц 1599 онд мэндэлжээ. Тэрбээр 20 гаруй жил буддын шашны эрдэм ухаанд суралцаж, 1639 онд Монгол нутагтаа хүрэлцэн иржээ. Ингээд Халх долоон хошуу, Ойрад түмний их багш хэмээн залагдаж, сүм дуган байгуулах, хурал номын дэг жаяг тогтоох зэргээр сүсэгтэн олныг буян номын үйлд дагуулсан. Улмаар соёл боловсрол, шашин номыг дэлгэрүүлэн соён гэгээрүүлэх их үйлсэд хүчин зүтгэсэн байна.
Тэрбээр 1648 онд нийт Монголчууд хэрэглэж болох шинэ үсэг зохион “Тод үсэг” хэмээн нэрлэжээ.

