Мал нядалгааны газрын үйл ажиллагааг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-17 11:38:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн төвийн гэр хороололд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд зөвшөөрөлгүйгээр мал нядалгааны ажил явуулж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоожээ.

Сайнцагаан сумын есдүгээр багийн иргэдээс “тус багийн Мандалын 21 дүгээр гудамжинд их хэмжээгээр мал нядалж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу МХГ-ын байцаагчид очиж, хяналт шалгалт хийжээ.

Стандартын шаардлага хангаагүй, орчинд зөвшөөрөлгүйгээр энэхүү үйл ажиллагааг явуулж байсныг зогсоон, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, мал нядалж байсан байрыг лацдаж хаалаа хэмээн аймгийн МХГ-аас мэдээллээ.

Мал нядалгааны газрыг суурьшлын бүс буюу гэр хорооллоос 500 м-ээс хол зайд эрүүл ахуй стандартын шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг бөгөөд дээрх мал нядалгааны газар нь гэр хороолол дунд байрласан, холбогдох хууль журмуудыг зөрчсөн байжээ.

Одоогийн байдлаар Мандалговь хотод өөр гурван мал нядалгааны газар ажиллаж байгаа бөгөөд МХГ-аас дээрх газруудад хяналт шалгалт хийж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ