“Хайртай” аяны багийнхныг угтан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-16 20:40:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Хурд” хамтлагийн санаачилсан урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий “Хайртай” соён гэгээрүүлэх аяны багийнхан Хэнтий аймгаас гараагаа эхэлж өнөөдөр хорь дахь аймагтаа буюу Дундговь аймагт ирээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй тус аяны багийнхныг аймгийн удирдлагууд, Цагдаагийн газрын хамт олон, иргэд, ЕБС-ийн сурагчдын төлөөлөл, ТХДЖТ-ын 300 уртын дууч, морин хуурч уртын дуугаараа угтан авлаа.

Есдүгээр сарын 16,17-нд Мандалговь хотноо үргэлжлэх “Хайртай” аяны хүрээнд өсвөр насны хөвгүүдийн уулзалт, “Эр хүний ноён нуруу” чин сэтгэлийн уулзалт ярилцлага, эцэг эхчүүдэд зориулсан “Үр хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан” сургалтууд болон “Урмаар тэтгэе”, “Ухаалаг хэрсүү хүүхэд”, өв соёл тээгч ардын авьяастанууд болон хотын, музейн зураг авалт болно.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ төслийн багийнхныг хүлээн авах үеэр хэлсэн үгэндээ “Хайртай” аян нь хүүхэд, залуучуудад зөв хүмүүжил олгох, эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэх, эрчүүд, эцэг эхчүүдэд урам хайрлах, дуу хуураар дамжуулан соён гэгээрүүлэх зорилготой маш чухал үйл ажиллагаа болж байгааг онцлон тэмдэглээд намрын налгар энэ сайхан өдөр Дундговь аймагт морилон саатсан “Хайртай” төслийн багийнханд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ