Гарцаар зам хөндлөн гарч хэвшихийг зөвлөлөө

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-16 10:39:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ өнгөрсөн амралтын өдрүүдэд 492 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 359 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 18 хүн бэртэж, 2 хүний амь хохирсон байна. 


Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, энэ сарын 14-ний 06.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо Баянхошууны зам, Их нарангийн 12 дугаар гудамжны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашин нь 29 настай явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхижээ. ТЦА-ны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгаж байна. Мөн тухайн өдрийн 06.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй өргөн чөлөө, "UB" авто засварын зүүн замд "Hingo Ranger" автомашин 37 настай явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ.


Иймд явганаар зам хөндлөн гарахдаа заавал гарцаар гарах, үзэгдэх хүрээнд гарц байхгүй бол зам дагуу хоёр тийш сайн харж, хайс, хашлагагүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарч хэвшихийг ТЦА-наас зөвлөж байна. 


Амралтын өдрүүдэд Замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Холбоотой мэдээ