Сайншандынхан хүүхдэд ээлтэй жолооч байхын төлөө нэгдэнэ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-12 14:16:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослыг бууруулах, эцэг эх, жолооч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулах зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ-өөс Авто тээврийн төв, Сайншанд сумын ЗДТГ-тай хамтран “Хүүхдэд ээлтэй жолооч” үйл ажиллагааг зохион байгуулав.

Албаныхан тээвэр, такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын нийт 40 гаруй төлөөлөл, иргэдийг урьж хүүхдийг хүрэх ёстой гэр, сургуульд нь заавал хүргэх, тэдэнтэй зүй ёсоор хүндэтгэж харилцах, зохих тогтсон тарифаар үйлчилгээний хөлсийг авах,  цаг агаарын таагүй үе болон болзошгүй аюул ослын үед хүүхдэд анхаарах, тусалж хүргэж өгч байхыг хүссэн юм.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр орон нутагт нийтийн тээврийн үүрэг гүйцэтгэж байгаа жолооч нарыг хүүхдэд онцгой ээлтэй байж иргэний үүргээ ухамсарлахыг сануулж “Хүүхдэд ээлтэй жолооч” машинд тавих 100 ширхэг тэмдгийг дугаар бүхий тавиуртай нь жолооч нарт тараав.

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн ослоор 110 хүүхэд гэмтэж 36 хүүхэд нас барсан бол Дорноговь аймгийн хэмжээнд 2019 оны эхний найман сард нэг хүүхэд нас барж нэг хүүхэд гэмтжээ.   

Цагдаагийн газраас эцэг эх, асран хамгаалагчид, жолооч нар хүүхдийг авто машинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудалд суулгадаггүй, бүс хэрэглэдэггүй, хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэсэн эсвэл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүй байдлаас болж зам тээврийн осол гаргаж байна гэв.




Холбоотой мэдээ