Токио хотын туршлагаас хуваалцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-09-11 17:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Япон-БНХАУ-ын хамтарсан “Хөгжлийн чуулган-2019” өнөөдөр МУИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо.

Чуулганаар гурван улсын төлөөлөл хотын хөгжлийн бодлого, захиргааны онцлог, дэд бүтцийн хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, хотуудын өнөөгийн болон ирээдүйн байдалд үнэлэлт өгч, агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачаалал, оршин суугчдын суурьшил нягтрал зэрэг тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэх боломж, шийдлийн талаар хэлэлцэж байна.

Тодруулбал, “Япон улсын хот байгуулалт, хот төлөвлөлтийн бодлого”, “Эрүүл хотын шинэ чиг хандлага, бүс нутгийн хөгжлийн уялдааг шинээр бий бий болгох”, “Улаанбаатар хотын хөгжлийн замнал”, ”Тээврийн хэрэгслийн дамжин суух төвд суурилсан хот төлөвлөлт”, “Токио хотын туршлага: Төлөвлөлтийн дагуу юу?, Төлөвлөлтийн бус уу?”, “Улаанбаатар хотын орон зайн тэлэлт” зэрэг сэдвээр олон улсын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.

Чуулганыг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэлэхдээ, “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл хотын хөгжилд эерэг ул мөрөө үлдээх учиртай. Энд сайтар бэлтгэсэн, өндөр мэдлэг, өрсөлдөх ур чадвартай төрийн албан хаагчид буюу зөв хүмүүс хотын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой”-г онцолсон юм. Тэрээр, “Хотжилт нь зөвхөн тухайн нэг хот, улсын асуудал байхаа больж дэлхий нийтийн, олон улсын анхаарлын төв болсон тул улс орнууд хамтын хүчээр алдаа оноо, туршлага, шийдлээ харилцан солилцох болсон” гэж байв.



Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, МУИС, БНХАУ-ын Гадаад хамтын ажиллагаа, найрамдлын нийгэмлэг, Япон улсын Зам тээвэр, дэд бүтэц, Аялал жуулчлалын яамны Хот байгуулалтын газар, Тоёо болон “Мейсей Их сургууль, РБА олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй хотын хөгжлийн чуулган хоёр өдөр үргэлжлэх юм. 



Энэ удаагийн чуулганы яриа хэлэлцүүлэгт өрнөж буй үзэл санаа, шийдлүүд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд, хотын хөгжлийн стратеги төлөвлөлтөд тусгалаа олно гэдэгт итгэж байгаагаа оролцогчид хэлж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ