Е.Трифонов: Халх голын дайны ялалтын үр дүнд Монгол Улс олон улсын тавцанд бие даасан тоглогч болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-12 10:46:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайнаас өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг ЗХУ олон улсын тавцанд ил тод байдлаар бүрэн хүлээн зөвшөөрч байгаагүй. Харин Халх голын дайны ялалтын үр дүнд Монгол Улс олон улсын тавцанд анх удаагаа бие даасан тоглогч болж гарч ирсэн хэмээн Оросын түүхч, архивч Евгений Трифонов өчигдөр тавьсан илтгэлдээ тэмдэглэлээ.

Тэрбээр манай улсад ирж “Халх голын түүхийг тодруулахуй” сэдвээр МУИС-ийн Номын санд илтгэл тавьсан юм. Түүний Москвагийн Түүх архивын дээд сургуулийн профессор А.Крушнельницкий болон түүхч В.Воронов нарын судлаачтай хамтран гаргасан “Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ?” товхимлыг “НЭПКО” хэвлэлийн газар эмхтгэн гаргаад байгаа юм.


Тэрбээр, “ОХУ-ын уншигчдад зориулан нийтлэл бичиж байсан ч монгол хэлээр орчуулан гаргасан ном маань олны анхаарлыг их татсан. Халх голын дайны ялалтын үр дүнд Монгол Улс олон улсын тавцанд бие даасан тоглогч болж анх удаа гарч ирсэн. Халх голын дайнаас өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг ЗХУ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагүй юм. Хэдийгээр 1921 оны хувьсгалын дараа Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч олон улсын тавцанд нээлттэй, ил тод байдлаар хүлээн зөвшөөрч байгаагүй. 1920-1930-аад онд Хятадад коммунист хөдөлгөөн маш хүчтэй өрнөсөн. ЗХУ-аас коммунист хөдөлгөөнийг дэмжин, цаашид Хятад улсыг  ЗХУ-ын нэгэн хэсэг болгох бодлого хэрэгжүүлж байсан. Тиймээс Хятад улс нь улс төрийн хувьд маш чухал тоглогч байсан бол Монгол Улс нь Хятадтай харилцаа тогтоох коридор байсан юм” хэмээв.

Мөн тэрбээр, “Монгол Улс олон жилийн туршид ЗХУ-ын хамгийн дотно анд, хөрш байсан. Гэхдээ Монгол, Оросын харилцааны талаар мэдээлэл маш бага бий. Өөр хоорондоо холбоогүй Монголын талаарх мэдээлэл Оросын иргэдэд байдаг. Үүнээс гадна ЗХУ маш их хэмжээний тусламж үзүүлсэн гэсэн үзэл суртал явуулж байсан. Тиймээс Монголын талаарх ойлголт маш дутмаг, зөв бус учраас засаж залруулах шаардлагатай гэж би үздэг. Учир нь Монгол Улс хэзээд өөрийн гэсэн бодлого, ашиг сонирхолтой байсан. Тэрхүү бодлого, ашиг сонирхол нь түүхийн зарим үед амжилтад хүрч, заримдаа амжилтад хүрдэггүй байсан” гэсэн юм.


НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл хэлэхдээ, “Цэргийн түүхч энэ хүний бичсэн “Халх голын дайнд хэн ялав” ном миний хувьд цоо шинэ санааг дэвшүүлсэн нь анхаарал татсан. Халх голын дайнд эцсийн бүлэгт монголчууд ялсан юм гэсэн сонин санаа дэвшүүлсэн. Үүнийг уншсанаас хойш Х.Чойбалсан маршалын тухай хоёр талтай боддог болоод байна. Би саяхан бичсэн нийтлэлдээ энэхүү санаагаа гаргасан” гэж тодотгов.

 МУИС-ийн Номын санд болсон түүний илтгэлийг түүхч, улс төрч, багш, оюутнууд сонирхохоор ирсэн байлаа.


Холбоотой мэдээ