Японы экспортын хязгаарлалтын талаар гомдол мэдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-11 12:02:35

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ Японы экспортын хязгаарлалтын талаар лхагва гарагт Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол мэдүүлсэн байна.


Япон аж үйлдвэрийн гурван чухал материалын экспортыг хязгаарлаж эхэлснээс хоёр сар гаруйн дараа уг гомдлыг гаргажээ. Тэдгээр материалыг чип болон дэлгэц үйлдвэрлэхэд ашигладаг тул Сөүлийн технологийн үйлдвэрлэлд ноцтой нөлөөлж болзошгүй юм.


“Чип, дэлгэцийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай гурван материалд Япон экспортын хязгаарлалт тавьсантай холбогдуулан ДХБ-д гомдол мэдүүлэх шийдвэр гаргасан” гэж БНСУ-ын Худалдааны сайд Ю Мен Хи мэдэгджээ.


Ю Мен Хи Японы шийдвэрийн талаар хэлэхдээ, БНСУ-ыг шууд чиглэсэн, ялгаварлан гадуурхсан үйлдэл бөгөөд дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудлаарх манай улсын шүүхийн шийдвэрээс үүдсэн улс төрийн сэдэлтэй гэжээ. 


БНСУ-ын хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан Япон худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа өнгөрсөн наймдугаар сарын 28-нд БНСУ-ыг хассан юм. Ингэснээр аж үйлдвэрийн 1000 гаруй материалын экспортын зохицуулалт чангарчээ.


ДХБ-д гомдол мэдүүлснээр БНСУ, Япон маргаанаа зохицуулахын тулд хоёр талын хэлэлцээг зохион байгуулах шаардлага үүснэ. Талууд хэлэлцээний замаар санал зөрөлдөөнөө зохицуулж чадаагүй тохиолдолд ДХБ уг асуудлыг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулна.


Ташрамд дурдахад, БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Япон улсыг ирэх долоо хоногт хасах төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ