Монгол, Тайванийн рагбичдын нөхөрсөг тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-11 11:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн рагбигийн нэгдүгээр дивизоны баг Тайванийн шигшээ Монголын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр манай улсад ирнэ.


Рагбигийн ДАШТ-ийг анх удаа Азид буюу Япон улсад зохион байгуулах эрх авсан бөгөөд энэ үеэр Тайванийн шигшээ баг анх удаа манай оронд ирж тоглохоор болжээ. Хоёр улсын рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох рагбигийн спортыг таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулах уг нөхөрсөг тоглолт есдүгээр сарын 21-ний өдөр 14 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


Манай оронд хөгжөөд 10 гаруй жил болж буй энэ спортын Монголын шигшээ баг анх удаа эх орондоо гадны шигшээ багийг хүлээн авч, Монголын рагбигийн хөгжлийг үзэгч олондоо хүргэхээрээ ач холбогдолтой. Мөн “Монгол-Тайвань” рагби фестивалийн хөтөлбөрт Бээжингийн эмэгтэй баг тамирчид оролцож Монголын эмэгтэй баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх юм. Монголын эмэгтэй рагбичид гадны багийг талбай дээрээ хүлээн авсан тохиолдол болж байна.


Фестивалийг SPS телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд багаа талбайд нь дэмжихээр очих спорт сонирхогчид тоглолтыг үнэ төлбөргүй үзнэ.

Холбоотой мэдээ