Халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ, багцыг таниулах төвтэй боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-09-11 11:29:22

Баянхонгор /МОНЦАМЭ/Эх, хүүхэд болон иргэдэд үзүүлэх утааны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор НҮБ-аас Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтран Утаагүй Баянхонгор төслийг 2019-2022 оны хооронд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд өрхөд зориулсан эрчим хүчний ­хэмнэлттэй халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ, багцыг таниулах төв нээлтээ хийлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гэр хорооллын өрхүүдэд, тэр дундаа монгол гэрт амьдардаг айл өрхийн дулаан алдагдлыг багасгах судалгааг удаа дараа явуулжээ. Ингэснээр монгол гэрт хаяа, хатавч, шал, хаалга зэрэг олон зүйлээс шалтгаалан дулаан алдагдал үүсдэг болохыг тодорхойлж, ШУТИС-ийн монгол инженерүүдтэй хамтран дулаалгын цогц багцыг ашиглах шийдэлд хүрсэн байна.

Төслийг хэрэгжүүлэгч НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс энэ онд 200 өрхийн дулаалгын зардлыг санхүүжүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, халаалт, дулааны багцаар хангах юм байна. Ингэхдээ хүн амын нягтаршил ихтэй 4-5 дугаар багийн эмзэг бүлгийн өрхүүдийг сонгож авах аж.

Нэг гэрт орох дулаалгын багцын үнэ 1.8 сая төгрөг бөгөөд 100 өрхийг 100 хувь, 100 өрхийг 80, 50 хувь гэсэн байдлаар санхүүжилтийг олгохоор болжээ. Дулаалгын иж бүрэн багцаар хангагдах 200 өрхийн шалгаруулалтыг Баянхонгор сумын ЗДТГ-аас хариуцан явуулах бол сонгогдсон айл өрхүүдэд инженерийн баг 10 дугаар сард суурилуулж дуусна гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажилдаа ороод байна.

Дашрамд, Инновацийн төвийг Баянхонгор сумын 4-5 дугаар багийг түшиглэн байгуулж байгаа бөгөөд тус төвөөр дамжуулан иргэд дулаан алдагдлыг зогсоох цогц шийдэл багцын талаар тодорхой ойлголт мэдээлэлтэй болж, улмаар өөрсдийн хэрэглээндээ авах, нэвтрүүлэх боломжтой юм. Мөн дулаан алдагдлын талаар өөрийн туршлага мэдлэгээ бусадтайгаа хуваалцах зэрэг өргөн боломжийг энэ төвөөрөө дамжуулан иргэдэд нээж өгч байгаа аж.