Бүс нутагтаа тэргүүлэх металл хийц боловсруулах төв Монголд нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-10 17:52:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв Азиийн бүс нутагтаа тэргүүлэх, металл хийц боловсруулах төвийн нээлт өнөөдөр боллоо.

Сүүлийн үеийн технологи бүхий, бүрэн автоматжсан төвийг Монгол дахь “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК байгуулснаа өнөөдөр харилцагчид болон хэрэглэгчдийн төлөөлөлд танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Кэлвин Каукинэн төвийг нээж хэлэхдээ, “Бүс нутагтаа Казахстаны дараа орох, дэлхийн жишигт нийцсэн шинэ технологи бүхий тоног төхөөрөмжтэй, автоматжсан төвийг нээснээр Монголын металл хийц боловсруулах салбарт шинэ хуудас нээж байна.




Одоо бид техникийн эд анги, тоног төхөөрөмжийг үйлдвэрээс шинээр гарч байгаагаас ялгахгүй, стандартын дагуу засаж, шинэчлэх боллоо. Ингэснээр хэрэглэгчдийнхээ цаг зав, импортыг орлох зэргээр гарах зардлыг хэмнэж, хугацаа хожих, бүтээмжийг дээшлүүлж, ашгийг нэмэгдүүлэх зэргээр бизнесийн боломжуудыг гаргаж өгч байна гэдгийг онцоллоо. Ийм төвийг нээж, шинэ техник технологи нэвтрүүлж буй нь Америкийн хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг эергээр харж, өөдрөгөөр төсөөлж буйн баталгаа гэдгээ илэрхийлэв.

Компанийн Аналитик, инновацын захирал С.Цэрэнням, энэхүү төв нь “Вагнер Ази” ХХК-ийн энэ жилийн хамгийн том хөрөнгө оруулалт болж буйг тэмдэглээд, төв нээгдсэнээр тус компанийн үндсэн хэрэглэгчид болох уул уурхайнхнаас гадна цахилгаан станцын тоног төхөөрөмж засаж шинэчлэх боломжтой болов. Ингэснээр бүхий л металл хийцийг боловсруулж засахтай холбоотойгоор хүнд аж үйлдвэрийнхэнтэй хамтарч ажиллах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломж бий болж буйг онцолж байв.


Тэрээр уг төв зөвхөн дотооддоо төдийгүй хөрш орнуудын компаниудад үйлчилж засвар үйлчилгээгээ “импортлох” боломжтойг хэлж байв. Учир нь төв нээгдсэнээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуурын бүсийн зарим компани, бизнесийн холбоод хамтарч ажиллахаа илэрхийлжээ.

Металл хийц боловсруулах, засварын төв нээгдсэнээр эхний ээлжинд инженер, техникийн 10-аад шинэ ажлын байрт монгол залуус ажиллаж байна.




Металл хийц боловсруулах шинэ төвийн нээлтэд оролцсон уул уурхайн салбарын төлөөллүүд, “Өнөө цагт аль ч салбарт байгальд ээлтэй, түлш бага зарцуулдаг техникийг түлхүү сонирхох болсон. Сүүлийн хоёр жил нүүрсний үнэ өссөнтэй холбоотой техникээ шинэчлэхэд анхаарч байгаа ч бэрхшээлүүдтэй тулгарсаар байгаа. Энэ үед хуучин техникээ шинэчлэн ашиглах боломж бүрдэж байгаад үйлдвэрлэгчийн хувьд баярлаж байна. Ганц уул уурхайд ч бус, бусад салбарт ч зардал хэмнэх чухал ажил болох нь” гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.

 

Б.Болд

Холбоотой мэдээ