Лагийг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-09-10 14:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өчигдөр боллоо.

БХБЯ-ны захиалгаар анх удаагаа байгалийн аргаар ил задгай талбайд лагийг хатаах аргыг халж, усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж, “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, ашиглалтад оруулан Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд БХБ-ын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо.



Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м куб лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай бөгөөд лаг усгүйжүүлэгчийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг байна. Минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргаж ажилладаг. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглаж байна.





Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэг болгох юм. Түүнчлэн илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг 9-10 дахин бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл бий болж байгаа аж.

Нэг ёсондоо Төв цэвэрлэх байгууламжийн 4-5 жил биологийн аргаар гадаа хатаадаг байсан лагийг технологийн аргаар түргэн хугацаанд хуурай болгон гаргах юм.



Холбоотой мэдээ