БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ховд аймагт ажиллаж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-10 10:28:17

Ховд /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 9,10-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхэн орон нутгийн боловсролын салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах, салбарын үйл ажиллагаанд хяналт тавих, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын Прогресс сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдийн сурч хөгжиж буй орчин нөхцөл, салбарын 2019 онд баримталж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо.   

Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг нь зургаан бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар 210 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Тус цэцэрлэг 21 багш ажилтантай. Үүний 85.7 хувь нь 35-аас доош насны залуу боловсон хүчин аж.

Цэцэрлэгийн хамт олон сургалтын цөм хөтөлбөртэй уялдуулан Англи хэлний анхан шат болон Steam сургалтыг туршилтаар зохион байгуулж, ардын уламжлалт тоглоомоор сургалтын орчин, хэрэглэгдэхүүн бүрдүүлэх замаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.

Бага насны хүүхдийг хөгжүүлэхэд төрөл бүрийн тоглоом чухал үүрэгтэй. Тиймээс цэцэрлэгийн гадна ба дотоод орчинд тоглоом шаардлагатай байна гэж цэцэрлэгийн эрхлэгч хэллээ. Энэ асуудлыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг анхаарч, 2020 онд хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж,  тус цэцэрлэгт тоглоом нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин ерөнхий боловсролын “Прогресс” сургуулийн хичээлийн байр 2013 онд 928 сурагч хүлээн авах хүчин чадалтай ашиглалтад орсон. Одоогийн байдлаар тус сургууль 80 орчим багш ажилтан, 1238 сурагчтай үйл ажиллагаа явуулж буй. Цаашид сургуулийн хичээлийн байрны өргөтгөл хийх, биеийн тамирын гадна талбайг тохижуулах зорилт дэвшүүлсэн талаар салбарын сайдад уламжиллаа.

 

Холбоотой мэдээ