“Олон улсын монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил” сэдэвт форум болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-09 17:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Хятадын экспо” гурав дахь удаагаа ӨМӨЗО-ы Хөх хот, Улаанцав, Тунляо хотод энэ сарын 6-10-нд үргэлжилж байна.

Энэ хүрээнд зохион байгуулсан “Олон улсын монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил” сэдэвт форумд ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй тус яамны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.  
 
Энэ үеэр хуралд оролцогчид ӨМӨЗО-ы Тунляо хотын сэргээн засах төв эмнэлэг болон Хорчин уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэр зэрэг байгууллагатай танилцжээ.
 
Монгол Улсад уламжлалт эмийг 2013 оноос эхлэн улсын эмийн бүртгэлд бүртгэж эхэлсэн бөгөөд 120 гаруй уламжлалт эмийн түүхий эдийн улсын стандарт, 160 гаруй монгол эмийн техникийн нөхцөл, технологийн заавар, 60 гаруй эмчилгээний шинэ арга зүй аргачлал боловсруулан эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлжээ. Түүнчлэн уламжлалт эмийн дотоодын 8 үйлдвэр, 50 гаруй шинэ бодис, 60 гаруй шинэ эм, 260 гаруй төрлийн уламжлалт эм тан, рашааныг Монгол Улсын баталсан стандарт, технологийн дагуу үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ дотоодын хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ ОХУ, БНПУ-д экспортолж байна.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад уламжлалт анагаахын чиглэлээр 48 ортой эмнэлэг, 185 амбулатори, 20 гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг, 34 сувилал төр, хувийн хэвшлийн 233 эрүүл мэндийн байгууллага давхардсан тоогоор 1.5 сая орчим хүнд уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бакалаврын зэрэг олгох 9 их дээд сургууль дипломын болон дипломын дараах сургалт явуулж, жилд 230-260 их эмч төгсөж байна. Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр 3000 орчим эмч, мэргэжилтэн Монголд төдийгүй АНУ, Австри, Унгар, Чех, Польш, ОХУ, Казахстан улсад ажиллаж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Энэ удаагийн форум нь Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Хоёр орны харилцаа улс төр, нийгэм, худалдаа эдийн засгийн салбарт эрчимтэй хөгжиж ирсэн бөгөөд цаашид эрүүл мэндийн салбар, тэр дундаа Монголын уламжлалт анагаах ухааны салбарт харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан харилцааны тогтвортой хөгжлийг хангаж ажиллахад энэхүү форум ач холбогдолтой гэж ЭМЯ мэдээлэв. 


Холбоотой мэдээ