Камерон татвар төлсөн баримтуудаа танилцуулахаа амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-08 10:20:15

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон татвар төлсөн баримтуудаа “ойрын долоо хоногт” олон нийтэд дэлгэн танилцуулахаа амлалаа.

Тэрбээр Их Британийн Ерөнхий сайдын албыг хашихаасаа өмнө эцгийнхээ “Blairmore Holdings” гэдэг оффшор компанийн хувьцааг эзэмшдэг байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Кэмерон гэргий Самантагийнхаа хамтаар эзэмшдэг 30 мянган фунт стерлингээр үнэлэгдэх хувьцаагаа 2010 оны нэгдүгээр сард зарсан байна.

“Би эцгээрээ, түүний босгосон бизнесээр бахархаж байна. Миний эцгийн нэрийг энэ бохир зүйлд холбож байгааг тэвчиж чадахгүй, харин миний хувьд би биржийн брокер байсан аав, өвөө, элэнц өвөөгөөсөө өөр замыг сонгосон. Надад нуух зүйл байхгүй. Би ямар ч асуултад хариулахад бэлэн байна” гэж Кэмерон телевизийн ITV News сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.

Британийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол, Кэмероны татвар төлсөн баримтыг ирэх долоо хоногт нийтлэх аж.

Дэлхийн зарим удирдагч болон тэдний ойрын хүмүүс татваргүй бүстэй холбоотой гэх “Mossack Fonseca” хуулийн компанийн баримт бичгийг хэвлэлүүдэд өмнө нь нийтэлсэн билээ. Тухайлбал, Германы “Sueddeutsche Zeitung” сонинд гарсан материалд Британийн Ерөнхий сайдын талийгаач болсон эцэг Иан Кэмерон татваргүй бүсэд бүртгэлтэй “Blairmore Holdings” компанийн таван британи захирлын нэг байсан тухай дурджээ.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ