Хуульчдын холбооноос Баян-Өлгийн хуульчдад сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-09 10:29:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 5-6-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, тус аймгийн хуульчдад сургалт зохион байгууллаа.

Хуульчийн үргэлжилсэн сургалтын гурван багц цаг олгох сургалтад тус аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 43 хуульч хамрагдлаа. Сургалтын үеэр орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа", "Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн зохицуулалт, шүүхийн практик” сэдвээр, УЕПГ-ын Мониторингийн хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунбаяр “Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн талаар”, “Эдийн засгийн гэмт хэргийн онцлог, түүнийг шалгахад анхаарах асуудал” сэдвээр, АШУҮИС-ийн багш, доктор, дэд профессор, хууль зүйн магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр тус тус хичээл заав.

Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан хуульчдын төлөөллүүдтэй уулзан санал солилцлоо. Мөн холбооны зургаан жилийн ойг тохиолдуулан аймгийн Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, ахмад хуульч Р.Асхабыл,  тус аймгийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Р.Гүлбарим, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа. 

Холбоотой мэдээ