”Үсэглэлийн хаад” уралдааны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-07 22:43:24

Дархан-Уул аймгийн Хүүхдийн Номын ордон, Дархан сумын есдүгээр сургуультай хамтарч ”Үсэглэлийн хаад” уралдааныг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулж өндөрлөв.

Тус уралдаанд Дархан хотын 1, 4, 9, 15, 16, 17 дугаар сургуулиудаас шалгарсан 20 гаруй оюунлаг сурагч оролцлоо. Уралдааныг эх хэлний баялаг өв сангаас танин мэдүүлж зөв бичих дүрмийг нүдлүүлж эргэлзээтэй бичигддэг журамласан 700 үгсийг хүүхэд бүрт чээжлүүлэхэд чиглүүлсэн. Уг уралдаан нь гурван үе шаттай зохион байгуулагдаж эхний үед журамласан үгийг самбарт зөв бичих, хоёрдугаар үед зөв бичгийн дүрмийг тайлбарлах бол гуравдугаарт ижил дуудлагатай үгийн утгыг тайлбарлах зэрэг даалгавруудыг сурагчид амжилттай гүйцэтгэжээ.

Уралдааны дүн гарахад тэргүүн байрт дөрөвдүгээр сургуулийн 10а ангийн сурагч А.Отгонпүрэв, дэд байранд “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Түвшинжаргал, гуравт есдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Оюунгэрэл нар шалгарч дурсамж, ном, Хүүхдийн Номын ордонд жилийн турш үнэгүй үйлчлүүлэх “Эрхийн бичиг”-ийн эзэн болов.

                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ